Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг арваннэгдүгээр сарын 25-наас нээлтээ хийж олны хүртээл болох талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Уг жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд ажиллах аж.
Тэрбээр “Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхийн олон улсуудад соёлын үйл ажиллагаа саатсан. Үүний үр дүнд хүмүүс урлагаас авах сэтгэлийн баясал, тэнцвэрт байдал хэр их алдсаныг хэмжиж боломгүй.
"Гэм зэм" роман бол дэлхийн шилдэг сонгодог зохиолын нэг. Тиймээс бидний уг зохиолыг постдрамын жүжгийн хэлбэрээр тавих болсон үнэ цэнийг яриад баршгүй.
Бид зохиолыг орчин үеийн театрын хэлээр үзэгчдэд хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна” гэв.
Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев “ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оныг Оросын нэр зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг ОХУ-ын Соёлын яамнаас улс орон даяар зохион байгуулж байгаа.
Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн тайз бол Оросын сонгодог зохиолыг үзэгчдэд хүргэдэг театрын нэгээхэн хэсэг. Тиймээс найруулагч М.Батболдтой Ф.М.Достоевскийн мэндэлсний ойн баярын хүрээнд жүжиг тавих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, харилцан шийдсэн.
Энэ жүжиг бидний хамгийн анхны хамтарсан бүтээл болж, үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус жүжгийн дүрүүдэд тоглох найруулагчийн саналыг хүлээн авсан алдартай, авьяаслаг жүжигчид болон тэдний баг хамт олонд талархал илэрхийлье.
Тус жүжгийн бид хэд хэдэн аймгийн соёлын тайзнаа тавихаар ярьсан байгаа тул үзэгчид маань таалан соёрхоорой” гэв.
Жүжигчин Д.Лхагваа “Энэ том уран бүтээлд зориглон орсон багийнхаа хамт олонд баяр хүргэе. Бид үзэгчдэд энэ сайхан уран бүтээлийг сайн хүргэхийн тулд бүх оюун, чадвараа дайчлан ажиллаж байна.
Миний хувьд "Гэм зэм" жүжигт эрэгтэй гол дүрийг бүтээнэ” гэсэн юм.
"Гэм зэм" жүжгийн зохиолч Я.Баяраа “Энэхүү жүжгийн ажил нэг жилийн турш өрнөж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Найруулагч М.Батболдын тавьсан саналыг анх би үнэхээр талархалтай хүлээн авсан.
Учир нь Ф.М.Достоевский бол дэлхийн утга зохиол, соёлын түүхэнд тов тодорхой үлдсэн цөөн зохиолчдын нэг. Тиймээс түүний зохиолыг жүжгийн зохиол болгон хувиргах хүндэтгэлтэй шалгуур, ийм хувь зохиолч бүрд тохиохгүй.
Жүжгийн зохиолд бид "Гэм зэм" романы философи, үзэл санаа, өрнөл тайллыг бүрэн тусгахыг эрмэлзсэн.Жүжигт маань Монголын тайз, дэлгэцийн гурван үеийн одод нэг тайзнаа тоглох юм” гэлээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг “Тус романыг уншсан хүмүүс миний тоглох Алена Ивановнагийн дүрийг маш сайн мэдэж байгаа байх.
Гэхдээ Монгол дахь Гэм зэм романыг жүжиг болгон тавихдаа зохиолч, найруулагч романд байхгүй цоо шинэ нэг үзэгдэл бий болж байгааг дуулгахад таатай байна.
Тиймээс жүжиг үзэгчдийн хүртээл болсны дараа иргэд маань илүү ойлгох байх гэж бодож байна” гэв.
Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар “Гэм зэм жүжгийн Свидригайловын дүрийг надад итгэж өгсөнд талархаж байна.
Би бол социализмын үеийн бүтээгдэхүүн. Тиймээс уг жүжгийг орчин үед постдрам хэлбэрээр тавихад жүжигчин хүн яаж ажиллах вэ гэдэг нь надад маш сонин байлаа. Өөрөөр хэлбэл, би энэ жүжигт шал өөр хэлбэрээр тоглолтоо хийх нь.
Ф.М.Достоевскийн зохиолууд ихэвчлэн хүний дотоод сэтгэлийг хөндсөн байдаг. Ялангуяа тэр дундаас "Гэм зэм" жүжгийн сонгон постдрам хэлбэрээр тавих нь залуу үеийн хүсэл тэмүүлэл гэж харж байна.
Тиймээс энэхүү постдрамын жүжиг миний хувьд маш сонин хэлбэрээр ажиллах шаардлагыг авчирч байна. Бүх хамтран ажиллаж буй уран бүтээлчдэдээ амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн тус жүжгийн тайз ямар ч хүний оролцоогүйгээр өөрөө автоматаар хөдөлж, бүх үзэгдлийнхээ шинж чанарт хувирах шийдэл онцлогтойг уран бүтээлчдийн баг танилцуулав.
Түүнчлэн Семен Захарович Мармеладовын дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээхээр болжээ.
Тэрбээр “Намайг Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн жүжгийн дүрд тоглохыг урьсанд сэтгэгдэл маш өндөр байгаа. Учир нь би постдрамд анх удаа тоглож байгаа.
Тиймээс энэ жүжиг уран бүтээлч хүний хувьд надад маш олон зүйлийн сурч мэдэж авах маш том боломж гэж бодож байна.
Миний өөрийгөө тайзны бүтээлд хүч сорих бодолтой давхцаж энэ жүжигт тоглох санал ирсэн тул би саналыг маш баяртайгаар хүлээн авсан” гэв.
Жүжигчин Х.Баярмаа “Би уг жүжигт Дуня буюу Авдотья Раскольниковагийн дүрийг бүтээнэ. Миний хувьд анх удаа сонгодог жүжгийн гол дүрд ажиллаж буй тул сэтгэл их хөдөлж байна. Тиймээс аль болох өөрийгөө эвдэж, өөрөөр ажиллахыг хичээж байгаа.
Жүжгийн найруулагчид ч уламжлалт байдлыг эвдэж, жүжигчдэдээ гаднын уран бүтээлчид шиг стандартыг барьж ажиллаж байгаа гэж хэлж болно. Үзэгчид маань энэхүү жүжгийн ирж үзээд өөр өөрсдийн оюун, мэлмийгээрээ тунгааж бодох байх" хэмээн ярилаа.
"Гэм зэм" постдрамын жүжиг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх “Орфей” театрт өдөр бүр тавигдах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|