Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө.
Одоогийн байдлаар
2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд авто замын зорчих хэсгийг түр нээнэ. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбат “ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км авто замд нийт 9 гүүр бий. I багцын гүүрийн ажил дууссан, II, III багцад байх 5 гүүр барих ажил 50 хувьтай, IV багцын 2 гүүрийн нэг нь 90, нөгөөх нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Багц бүрд 32-64 орчим хоолой суурилуулахаас I багцынх бүрэн дууссан, II,III багцынх 50-60, IV багцынх 80 хувь, V багцынх бүрэн дууссан. Нийт ажлын тоо хэмжээгээр 40 гаруй хувийг гүйцэтгэсэн байгаа.
Энэ жилийн гол зорилт нийт замынхаа далан, хиймэл байгууламжийг 60-80% орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байна. Өвлийн улиралд газар шорооны ажил явагдах боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагираг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийнэ. Ирэх жилийн гуравдугаар сарын 15-20-ны хооронд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй 1 дүгээр хэсгийн авто замын төслийн захирал С.Баярбилэг "I багцын далангийн болон хиймэл байгууламжийн ажил 100 хувь дууссан.
Суурийн ажил 30 км явсан. Суурь асфальт хучилт 22.6 км хийсэн. 2021-2022 оны өвлийн улиралд хөдөлгөөн нээнэ гэж яамнаас хэлсэн учир хөдөлгөөн нээхтэй холбоотой тэмдэг тэмдэглэгээ бетон хашлага болон бусад ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.
БНХАУ-ын “Чайна Гежөүба” групп компанийн төслийн менежерийн орлогч Ө.Содбилэг "Манайх энэ жилийн хувьд ажлын 25 хувийн гүйцэтгэлээр ажлаа дуусгана гэж төлөвлөснөөс тус хувьд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далангийн болон хоолойны ажил дуусах шатандаа орж, дүүргэлтээ хийж байгаа.
Ирэх жилийн арваннэгдүгээр сард 100 хувь дуусгаж хүлээлгэж өгнө" гэлээ.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!