Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын шүүх Крымийн алт эрдэнэсийг Украинд шилжүүлж өгөх шийдвэр гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэхээс нэг сарын өмнө Крымийн музейд хадгалагдаж байсан эртний Скифүүдийн алт эрдэнэсийг Амстердамын нэг музей зээлээр авч байжээ.

Гэвч 2014 онд Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараа музейн үзмэрийг аль тал буцааж авах талаар маргаан үүссэн юм.

Өчигдөр Нидерландын давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргаж, Крымийн алт эрдэнэсийг Украины засгийн газарт хүлээлгэж өгөхөөр болжээ.

ОХУ-ын захиргаанд орсон Крымийн дөрвөн музей долоон жилийн өмнө нэгдэж, Скифийн алт эрдэнэс гэгддэг археологийн ховор үзмэрийг Амстердамын Аллард Пирсоны музейгээс буцааж авахаар шүүхэд хандаж байсан юм.

2016 онд Нидерландын доод шатны шүүх үзмэрийг Украин улсад шилжүүлж өгөх шийдвэр гаргасан байна. Гэвч Крымийн музейнүүд уг шийдвэрийг давж заалдаад байжээ.

“Хэдийгээр үзмэр нь Крымээс гаралтай, Крымийн өв дурсгалд тооцогдох боловч 1991 оноос хойш тусгаар тогтносон Украин улсын түүх соёлын өвд багтах юм” гэж шүүхийн дүгнэлтэд бичсэн байна.

Шийдвэр гарсны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид үргэлж өөрийн зүйлсээ буцааж авдаг. Скифийн алтны дараа бид Крымийг буцааж авах болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Харин Крымийн захирагч Сергей Аксионов шүүхийн шийдвэрийг “хууль бус” гэж үзэж байгаагаа Интерфакс агентлагт илэрхийлсэн байна.

“Крымийн ард түмний зүй ёсны үнэт зүйлсийг буцааж авах тэмцэл үргэлжилнэ” гэж тэр ярьжээ.

Хамгийн эртнийх нь Нийтийн Тооллын Өмнөх хоёрдугаар зууны үед харьяалагдах түүхийн олдворуудыг Амстердамын Аллард Пирсоны музей 2014 оны гуравдугаар сард Крымийн хойг ОХУ-д эзлэгдэхээс нэг сарын өмнө зээлж авч байсан юм.

Эртний худалдааны зам Крымийн хойгийг дайрдаг байх үед энэ нутагт Скифийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж байжээ.

 

Эх сурвалж: AFP