Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд анх удаа манай галактикийн гадна орших гарагийг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Түүхэнд анх удаа астрономичид манай галактикийн гадна орших гарагийг илрүүлсэнд итгэлтэй байгаагаа зарлажээ.

Даваа гарагийн Nature Astronomy сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр Санчир гарагийн хэмжээтэй уг гараг нь Messier 51 галактикт, дэлхийгээс 28 орчим сая гэрлийн жилийн зайд оршдог гэнэ.

Өнөөдрийг хүртэл эрдэмтдийн нээсэн нарны аймгийн гадна орших Сүүн замын бүх гарагууд 3,000 хүрэхгүй гэрлийн жилийн зайд байрладаг. Эндээс манай галактикийн гадна орших гараг ямар алс хол зайнд байгаа нь харагдаж байна.

Гэрлийн жил нь нэг жилийн хугацаанд гэрэл хэр хол зайд тусахыг харуулдаг. NASA-гийн тооцоолсноор сансрын уудамд нэг жилийн хугацаанд гэрэл 9.46 их наяд километр зам туулдаг байна.

Эрдэмтэд анх удаа бусад гараг эрхсийг хайхдаа X-ray долгионы урттай дохио ашиглах болсон нь өөрийн галактикаас гарах боломж олгосон тухай судалгааг ахалсан Кэмбрижийн Астрофизикийн Харвард-Смитсоны Төвийн эрдэмтэн Розанна Ди Стефано тайлбарлажээ.

Ингэхдээ алсын одны наагуур гараг халхалж өнгөрөхөд цацаргах X-ray туяа нь хэр буурч байгаагаар хэмжиж байгаа юм байна.

Ийм аргаар хэмжихэд шинээр илэрсэн гараг нь нэйтрон од, эсвэл хар нүхийг Санчир гарагийн нар хүртэлх зайнаас хоёр дахин хол зайтай тойрог замаар эргэдэг гэсэн дүгнэлт хийжээ.

Тойрог зам нь ийм том тул уг гараг NASA-гийн Chandra X-ray дуранд дахин ажиглагдах хүртэл 70 жил болох гэнэ. Шинэ гарагийг эрдэмтэд M51-ULS-1 гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: Tribune News Service