Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Оросын тал УБТЗ-ын даргаар орос хүн томилох шаардлага тавьсан

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Монгол ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бид улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэж ярилцсан.

Энэ удаад ОХУ болон БНХАУ-тай харилцах харилцааны ялангуяа олон жил ужгирсан асуудлын талаар ярилцсан.

Мөн Төмөр замын талаар төрөөс барих бодлогыг Засгийн газраас нууцын зэрэглэлтэй өргөн барьсан тул хаалттай хэлэлцсэн.

ОХУ-тай харилцах харилцаанд гарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх асуудал болон БНХАУ манай улс хоорондын нүүр тээврийн асуудлыг ярилцсан. Эдгээр асуудлыг зарим нь нууцын зэрэглэлтэй тул хаалттай хэлэлцсэн.

Төмөр зам, шатахуун, хийн хоолой, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна гэж бүлэг үзсэн.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа. Нэгдүгээрт, төмөр замуудын асуудал. Бид одоо Монгол Улс хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын асуудал ярьж байгаа.

416 км Зүүнбаянгийн болон 267 км Гашуунсухайтын төмөр замууд баригдаж байгаа. Үүнээс гадна цаашид ашиглалтын концессын гэрээгээр төмөр зам байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор баруун чиглэлд Арц суурь-Шивээ хүрэн, зүүн чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг, Улаанбаатарын эргэн тойронд Богдхан төмөр замыг ашиглалтын концессын гэрээгээр  байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс эдгээр төмөр замын Төмөр замын бодлогод тусгаж байгаа.

Хоёрдугаарт, баригдаж байгаа төмөр замын ажлууд ямар шатанд байгаа талаарх мэдээллийг сонслоо.

Ингээд Засгийн газраас өргөн барьсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

- УБТЗ-ын даргын томилох асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн үү. АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн нэрийг санал болгосон гэж ойлгосон. Салбарын бус, шаардлага хангахгүй хүнийг яагаад даргаар томилуулах гээд зүтгүүлээд байдаг юм бэ?

- УБТЗ-ын даргын асуудал бол ОХУ-тай харилцах харилцааны хүрээнд багтаж байгаа асуудал мөн. Бид хүний нэрийг огт яриагүй. Х.Хэрлэн гэдэг хүний нэрийг явуулсан гэж дуулаагүй юм байна.

Оросын талаас орос захирал байна гэдэг шаардлага тавиад байгаа юм. Түүнд нь бид монгол захирал байх ёстой гэдэг саналаа хүргүүлээд, ярилц гэдэг чиглэл өгсөн.

Ямар хүн томилуулахыг ОХУ-тай байгуулсан дүрэм журмын хүрээнд Засгийн газар шийднэ.

- Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар “Рио Тинто”-той холбоотой асуудлыг хэлэлцсэн үү. Тэдний зүгээс Засгийн газарт хандан манай талын хувьцаанд ногдох зээл болох 2.3 тэрбум ам.долларын 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх тухай санал ирүүлсэн гэх мэдээлэл байгаа.  

- Өнгөрсөн долоо хоногт бүлэг “Оюутолгой”-н гэрээний хэлэлцээрийн явцын талаарх мэдээллийг сонссон. Хэлэлцээрт олон асуудал багтаж байгаа. Хэлэлцээрийн үед яригдаж байгаа асуудлыг л ярилцсан. Шийдсэн зүйл байхгүй.