Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Алек Болдуины кино зураг авалтад ашигласан гар буунд жинхэнэ сум байжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Холливүүдийн од Алек Болдуин кино зураг авалтын талбайд санамсаргүй хүний амь хөнөөсөн эмгэнэлтэй явдал гарсан билээ.

Тэрбээр Нью Мексико мужийн нутагт Western төрлийн “Rust” уран сайхны киноны зураг авахуулж байжээ. Жүжигчин энэ үеэр хоосон сумтай жинхэнэ гар буу ашигласан юм байна. Гэтэл буунд жинхэнэ сум байсны улмаас кино зургийн дарга, 42 настай Халина Хачинс алагдаж, киноны найруулагч, 48 настай Жоэл Соуза шархджээ.

Санта Фе хотын цагдаагийн газар буу яагаад жинхэнэ сумаар цэнэглэгдсэнийг тогтоохоор ажиллаж эхэлснээ мэдээлсэн байна. Одоогоор ямар нэг хэрэг нээгээгүй, хэн нэгнийг баривчлаагүй байгаагаа мэдээлжээ.

Кино зураг авалтын ажиллагааг даруй зогсоосон байна. Баасан гарагт жүжигчин Алек Болдуин “Миний цочирдол, уй гашууг илэрхийлэх үг олдохгүй байна. Би талийгаачийн нөхөртэй холбогдож, түүний гэр бүлд тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Халинагийн нөхөр, хүү, таньж мэддэг, хайрладаг бүгдийнх нь төлөө миний зүрх шархалж байна” гэж мэдэгджээ.

Тэр бас яагаад ийм эмгэнэлтэй явдал гарах болсон шалтгааныг тогтоохын тулд цагдаагийн мөрдөгчидтэй нягт хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

19 дүгээр зууны Зэрлэг Өрнөдөд болсон үйл явдлыг үзүүлдэг “Rust” кинонд Болдуин хамтарсан продюсерээр ажиллаж, гол баатар Харланд Растын дүрийг бүтээж байгаа юм. Уг кинонд хүн амины хэрэгт яллагдсан ач хүүтэйгээ хамт оргож яваа дээрэмчин эрийн түүхийг өгүүлдэг байна.

 

Холливүүдийн кино урлагт жинхэнэ галт зэвсгийг хоосон сумтай ашиглах явдал түгээмэл байдаг. Хоосон сум нь жинхэнэ сумтай ижил бүтэцтэй ч зөвхөн хошуу байдаггүй юм. Өөрөөр хэлбэл сумны хонгионд дарь дүүргэж, хошууных нь оронд цаас, хөвөн зэргээр бөглөсөн байдаг гэнэ.

Ийм сумаар буудахад яг жинхэнэ юм шиг утаа, гал, чанга дуу гардаг ч байнд сум тусдаггүй байна. Гэхдээ ойрын зайнаас буудвал хүнийг ноцтой гэмтээх аюултай гэж үздэг ажээ.

Кино урлагт хоосон сумны оронд жинхэнэ сум байсны улмаас эмгэнэлт явдал тохиолдож байсан түүх бий. Тухайлбал 1993 онд домогт Брюс Лигийн хүү, 28 настай Брэндон Ли мөн жинхэнэ сумаар буудуулж, амь үрэгдэж байжээ.

Бас хоосон суманд жүжигчин амиа алдаж байсан түүх ч бий.

1984 онд CBS сувгийн “Cover Up” цувралын зураг авалтын үеэр жүжигчин Жон Эрик Хэксам ийм сумаар өөрийн толгойд буудан нас барж байжээ.

Тухайн үед зураг авалт хойшилж, Хэксам түр дуг хийж байсан гэнэ. Удалгүй зураг авалт дахиад хойшлох болсон тухай мэдээлэхэд Хэксам “Ийм тэнэглэлд чи итгэх үү?” гэж хошигноод бухимдаж байгаагаа илэрхийлэхийн тулд зураг авалтад ашиглаж байсан гар бууг авч толгойдоо тулган гохыг нь даржээ.

 

Эх сурвалж: AFP