Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тарваганы тулам нийслэл рүү тээвэрлэж, худалдахыг завдсан иргэдийг ₮12.6 саяар торгож, ₮45 саяын нөхөн төлбөр тооцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт тогтмол хийгдэж байна.

Шалган нэвтрэх товчоогоор 30 удаагийн тохиолдлоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчил, хот доторх хяналтаар 12 удаагийн тохиолдлоор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдан борлуулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлжээ.

Тухайн тарваганы түүхий тулмуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн "Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”,

  • Эр тарвага – 170,000 x 2 = 340,000 төгрөг,
  • Эм тарвага – 200,000 x 2 = 400,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож нийт 12,600,000 төгрөгийн торгууль, 45,078,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцсон байна.
 
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг.

Иймд иргэдийг хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.

Сануулахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү хязгаарлалт тогтоосон.

Түүнчлэн тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн  биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ-наас өмнө нь мэдээлж байв.