Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

П.Бүрэнтөгс: "Бүрэн Монгол гэр" төслийг хэрэгжүүлж, 21 аймгийн тус бүр нэг залуу гэр бүлд тавилгатай монгол гэр өгнө

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлэх болсон талаар төслийн багийнхан мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Гэсэн ч сүүлийн үед үндэсний спорт маань талцал, хагарлын талбар болоод байна. Иймд бид бүхэн үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, үүдээс залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. 

"Бүрэн Монгол" төслийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын нэг болох "Бүрэн Монгол гэр" төслийг өнөөдөр танилцуулж байна. Уг төслийг 21 аймагт хэрэгжүүлж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд бүрэн тавилгатай монгол гэр бусад шаардлагатай эд зүйлсээр хангах юм. Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур өрхийг сонгож төсөлд хамруулна. 

Миний санаачилгыг дэмжсэн хүмүүстэй нэгдээд одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхний ээлжид бид төслөө өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлээд явж байна. Цаашдаа хандив цуглуулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийгээд явна.

Нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил хийхээр хүмүүс "Ямар нэгэн зорилготойгоор ийм ажил хийж байна. Та улс төр рүү орох гэж байгаа юм уу" гэж хардаад байх шиг байна лээ. Тийм хардлагатай байгаа хүмүүст хандаж хэлэхэд би улс төр рүү орохгүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэдэг эрхэм нэр төр маань хангалттай. Энэ нэр төрөө цэвэр авч явж, нийгэмдээ сайн сайхныг түгээх юмсан гэсэн хүслээр энэ ажлуудыг хийж байгаа" хэмээн хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн “Бүрэн Монгол” төслийн хүрээнд хийгдсэн болон цаашид хийгдэх ажлуудын талаар тус төслийн багийн гишүүн н.Алгирмаа мэдээлэл өгөв. 

"Бид зөвхөн гэр өгөөд орхихгүй. Тухайн аймгийн засаг захиргаатай хамтраад ажлын байранд зуучилна. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа ахуйгаа аваад явах чадвартай залуусыг сонгоно.

Түүнчлэн орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг төслийн сургалтад хамруулж, чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Ингэхдээ орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь бид Ховд аймагт "Тарвасны баяр" зохион байгуулсан. Түүнтэй адил идээ ундааны баяруудыг хийнэ.

Мөн спортоор хичээллэдэг, үндэсний бөхийг сонирхдог иргэдийн дунд амжилтад хүрэх замналаа хуваалцсан уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулна" гэв.

Тус төслийн хүрээнд олгох гэрийг хамгийн чанартай мод, эсгий материалыг ашиглаж хийсэн бөгөөд тусгай захиалгаар хийгдэж буй гэртээ патент авахаар ажиллаж байгааг төслийн багийнхан хэлж байв. 

“Бүрэн Монгол” төслийн багийн зүгээс нийгмийн сайн сайхан руу чиглэсэн ажлуудыг тогтмол хийгээд явах юм байна.