Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Хуягцогт: Боловсролын салбарын санхүүжилтийг өөрчилнө. Үр дүн нь 15-20 жилийн дараа харагдах учиртай

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн боловсролын төлөө ТББ болон судлаачид хамтран "Боловсролын салбарын санхүүжилт: Асуудал, шийдэл" үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж, тус яамны Ерөнхий боловсролын санхүүжилтийн шинэчлэл хийх ажлын хэсгийн ахлагч О.Хуягцогт "Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүжилтийн шинэчлэл хийх бодлого, чиглэл" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлийн эхэнд "1992 онд Шинэ үндсэн хууль батлагдан, бүх нийтийн ерөнхий боловсролыг төрөөс үнэ төлбөргүй олгоно гэсэн хуулийн заалтыг оруулсан. Энэ тогтолцоогоор явснаар 30 жилийн нүүрийг үзэж байна.

Дээрх хугацаанд хүртээмжид ихээхэн анхаарсан. Шинээр сургууль цэцэрлэг барих, өргөтгөх гэх зэрэгт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж ирсэн буюу үндсэн гал унтрааж байсан. Чанарын асуудлыг огт хөндөөгүй. ҮСХ-оос гаргадаг статистикийг харвал голчлон хүртээмжийн талаарх мэдээллийг гаргасан байдаг. Чанарыг хэмждэггүй. Хэдийгээр сайн, муу сургууль гэж яриад байдаг ч юугаар хэмжээд байгаа нь тодорхойгүй бөгөөд одоогоор байгаа ганц бодит үнэлгээ нь Элсэлтийн ерөнхий шалгалт байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс суурь боловсрол эзэмшсэн хүүхдүүдээсээ 2019 онд улсын хэмжээнд чанарын үнэлгээг системтэйгээр авч байжээ. Энэ нь чанараа үнэлж эхэлж буй анхны алхам байсан бөгөөд жил тутамд үнэлгээг авахаар тооцоолсон ч цар тахлын улмаас үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадаагүй байна.

Удаах алхам нь боловсролын олон улсын үнэлгээ буюу PISA байх юм.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч О.Хуягцогт хэлэхдээ "Олон улсад 15, 16 настнуудыг хөдөлмөр эрхлэх насанд хүрлээ гэж хүлээн зөвшөөрдөг ба энэ насныхны эзэмшсэн мэдлэг боловсрол, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх чадварыг нь үнэлэхээр PISA хэмээх үнэлгээг авдаг. Үүнд манай улсад хамрагдана. Ингэснээр иргэдээ хэр түвшинд бэлтгэж байна вэ гэдгээ хэмжиж, бусад улс оронтой жиших боломжтой болох юм" гэлээ.

"Сурагчдын амралтын үед нийслэлийн автозамын камерт долоо хоног тутамд бүртгэгдэж буй машины тоо 30 хувиар буурдаг"

Дээр дурдсанчлан иргэдийн дунд аль сургууль сайн, муу тухай үнэлэмж хэдийнээ бий болсон. Энэ нь сургалтын чанарын ялгаатай байдлын нотолгоо хэмээн албаны хүн тайлбарласан юм.

"Хичээлийн шинэ жил дөхөх тусам хүүхдээ ирээдүйд мэдлэг чадвартай сайн хүн болгохын тулд аль сургуульд оруулах вэ гэдэг нь эцэг эхчүүдийн хувьд том асуулт болдог. Сайн сургуульд оруулахын төлөө сумын төвөөс аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү ирдэг бол, нийслэлийнхэн хотын төвийн сургуульд өгөх сонирхол илүү байдаг.

Нийслэлийн боловсролын газар, Автотээврийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сурагчдын амралт эхэлсэн үед нийслэлийн автозамын камерт долоо хоног тутамд бүртгэгдэж буй машины тоо 30 хувиар буурдаг тухай мэдээлсэн. Түгжрэлийн шалтгааны 20 хувь нь боловсролын салбараас үүдэж байна" хэмээн ажлын хэсгийн ахлагч О.Хуягцогт мөн онцоллоо

Боловсролын салбар нь нийгмийн томоохон салбар, ирээдүйн олон асуудлын эх үүсвэр ба шийдэл болдгийн тул улс орон бүр сургалтын арга барилаа тодорхойлж, ихээхэн хөрөнгө оруулалтыг хийдэг. 

Дээр дурдсанчлан манай улс хөрөнгө оруулалтыг хүртээмжид голчлон зарцуулж байснаа шинэчлэхээр холбогдох судалгаа, түүнд суурилсан дүн шинжилгээг хийж байгаа юм. Тодруулбал, БШУЯ, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг 2021 оны хоёрдугаар сард байгуулагдаж, асуудлын эх шалтгаан, хэрхэн шийдвэрлэх талаар ажиллаж байгаа юм. Мөн мэргэжлийн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудаас цуглуулсан мэдээлэл, баримтуудаа нэгтгэсний үндсэн дээр өөрчлөлт хийх бөгөөд үр дүн нь 15-20 жилийн харагдах учиртайг албаны эх сурвалж хэлэв.

Боловсролын чанар, үр дүнг дэмжсэн төсвийн шинэчлэл

Боловсролын салбарын санхүүжилтийг шинэчлэхийн тулд дараах таван зүйлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн БШУЯ үзэж байгаа юм.

  • Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх
  • Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, аргачлал нэвтрүүлэх
  • Боловсролын цахим шилжилт
  • Сургалтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэв шинжийг шинжлэх
  • Боловсролын байгууллагын засаглалыг сайжруулах