Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга: Барилгын материалын өсөлт улсын төсөвт 204 тэрбум төгрөгийн ачаалал авчрахаар байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилга хот байгуулалтын яамнаас улсын төвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаар мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Өнөөдрийн байдлаар үнийн хувьд огцом өсөлттэй байгаа барилгын материалуудыг танилцуулъя. Арматур, түүнтэй холбоотой төмөр хийцүүд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 32 хувь, мод, модон материалын үнэ 70 орчим хувиар өссөн. Энэ өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж дээр хэрхэн тооцох аргачлалыг урьдчилсан байдлаар тооцоолж гаргалаа. 

Барилгын материалтай холбоотой үнийн өсөлт 36-40 хувь байна гэдгийг хоёр эх үүсвэр, аргачлалаар тооцож гаргасан. Ингээд үнийн өсөлтийг урьдчилсан байдлаар тогтоосон. 

Үнийн өсөлт ямар хугацаанд үргэлжилж байгааг харгалзаж, он дамнан хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд дээр үнийн индексээ бариад ажиллая гэж байгаа. Жишээлбэл, барилга угсралтын ажил нь 2021 онд эхэлсэн бол энэ жилдээ өсөлттэй тооцоод цаашдаа үнийн индексээ бариад явна. 2021 онд дуусаж байгаа барилга байгууламжийн хувьд үнийн өсөлтийг нь тооцохоор болсон. Үүн дээр бид төсвийн асуудал хариуцсан төв байгууллагатайгаа маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сангийн яам нэлээн дэмжиж ажиллаж байна. 

Барилгын материалын өсөлт улсын төсөвт ямар хэмжээний ачаалал үзүүлэхийг ҮСХ-ны зарлаж байгаа үнийн индексээр бодоод үзэхээр 360 гаруй төслийн 204 тэрбум төгрөг төсөв дээр очихоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 1,000 гаруй төсөл бий. Дээр дурдсан 360 төсөл нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтууд юм. 

Үнэ үнэхээр өссөн үү, эсвэл хомсдолтой холбоотой огцом өсөөд бууж байна уу, хөөсрөл байна уу гэдгийг холбогдох байгууллагатай хамтраад ажлын хэсэг байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа.

Цаашдаа хийгдэж байгаа ажлуудын үлдэгдэл гүйцэтгэл дээр үнийн өсөлтүүдийг магадлал хийх замаар баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлнэ" хэмээн хэллээ.

БХБЯ-ны зүгээс ААН-үүдээс тавьсан шаардлагыг судлаад, Цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөлд зарим хүсэлтийг нь тусгахаар саналаа өгчээ. Тодруулбал, тендерийн баталгаа 5%, гүйцэтгэлийн баталгаа 5-10%-ийг арилжааны банканд ямар нэгэн хүүгүйгээр байршуулдгийг барилга угсралтын ажилдаа зарцуулаад явах саналыг хүргүүлсэн байна. 

Түүнчлэн үнийн өсөлтийг магадлалаар дамжуулаад Улсын төсөвт суулгана. Ингэхдээ 2022оны төсөвт амжихгүй бол 2023, 2024 оны төсөвт суулгана гэдгийг мэдэгдлээ. 

2021 оны нэгдүгээр сараас барилгын салбарын хөдөлмөр зарцуулалтын жишиг нормыг шинэчлэн хэрэгжүүлж байгаа. Жишиг норм буюу цалин хөлс нь барилгын төсөв өөрчлөгдөхөд мөн нөлөөлж байгаа гэв.