Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн тэргүүний хувьд Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
ШЕЗ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан буюу “Нийт шүүгчийн чуулган”-ыг хоёр жил тутам зохион байгуулна хэмээн заасан байдаг. 

Ийнхүү өнөөдөр Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхлээд байна. 

Чуулганыг даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч сонгогдлоо.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Тодруулбал,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд:

  • Анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес,
  • Хяналтын шатны шүүхээс нэг шүүгч

Сахилгын хорооны шүүгч гишүүнд:

  • Анхан шатны шүүхээс дөрөв
  • Давж заалдах шатны шүүхээс тав
  • Хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлсэн аж.

Чуулганаар мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батлахаар байгаа билээ. 

УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 буюу нийт 519 шүүгч ажиллаж байна.
"Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шүүгч та бол төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг юм. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдана гэдгийг санаж явах ёстой.

Эрхэм шүүгчдээ, Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах Монгол төрийн хууль цаазны ташуур юм. Иргэнд шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор тойргийн зарчмаар шүүх байгуулах асуудлыг шийдэх нь зүйтэй гэж төрийн зүгээс үзэж байгаа.

Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол Үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх вий гэж Төрийн тэргүүн миний бие сэтгэл их зовниж буйгаа та бүхэнд хэлье.

Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарч ажиллахыг өнөөгийн нөхцөл байдал бид бүхнээс шаардаж байна.

Өнөөдөр Монгол Улсад анхан болон давж заалдах шатны 116 шүүх, 41 тамгын газартайгаар 43 барилгад үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс найман шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Манай дийлэнх шүүхүүд зориулалтыг хангахгүй байранд байрлаж байгаагаас шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэргээр иргэдийн эрх давхар зөрчигдөж байна. Хүндрэлтэй олон асуудал улс оронд маань байгаа боловч Монголын төр засаг шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараатайгаар бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Төрийн тэргүүний хувьд Улсын дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна.

Мөн нийгмийн амьдрал хурдацтай хөгжихийн хэрээр шүүгчийн шийдэх асуудлын ачаалал асар нэмэгдэж байгаа. Энэ асуудалд ч онцгой анхаарч ажиллах ёстой болж байна.

Төрийн тэргүүний хувьд хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллахаа илэрхийлж байна" гэв. 

Нийт шүүгчийн чуулган хуралдааны дэгээ өөрөө тогтооно хэмээн хуульд заасан бөгөөд дараах асуудлыг шийдвэрлэдэг. Үүнд, 

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах;
  2. Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах;
  3. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох;
  4. Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;
  5. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах хэмээн заасан.