Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Өндөр, тогтмол орлоготой ахмадууд амьдралдаа илүү сэтгэл хангалуун байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Иргэдийнхээ нийгмийн талаарх үнэлгээг харгалзсан төрийн бодлого, шийдвэр гаргах урьдач нөхцөл бүрдэх боломж хомс байна-

"Иргэд хоорондоо хамтран ажиллахад тэдний хооронд итгэлцэл байгаа эсэх нь чухал үүрэгтэй. Тухайн нийгмийн гишүүдийн дунд итгэлцэл бага байх тусам нийгэм дэх бүхий л үйл ажиллагааг удаашруулж, хамтын ажиллагааг бууруулж, иргэдэд дарамт үүсгэдэг" хэмээн Фүкүяамагийн эшлэлийг IRIM хараат бус судалгааны хүрээлэн онцолжээ. 

Нийгмийн сайн сайхан байдлын судалгааг IRIM зургаа дахь жилдээ хийхдээ энэ удаа орон нутагт амьдарч буй 50-аас дээш насны ахмадуудыг хамруулжээ. Нийгмийн сайн сайхан байдлыг тодорхойлохдоо

  • ИТГЭЛЦЭЛ
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • АМЬДРАЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖ гэсэн гурван гол үзүүлэлтийн хүрээнд үнэлдэг.

Судалгааны гол үр дүнгүүдийг харвал:

  •  
    Эх сурвалж: IRIM

    Ахмад настнуудын бусдад итгэх итгэл улсын нийт хүн амын дундаж үзүүлэлтээс бага буюу гэр бүл, хамаатан, ойрын хүмүүсийг эс тооцвол бусадтай харьцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй гэж боддог байна.

  •  
    Эх сурвалж: IRIM

    Хүн амын дундажтай харьцуулахад хамтран ажиллахад бэлэн байдал мөн улсын дунджаас бага байна. Хувийн дотно харилцаатай, ойрын бүлгүүддээ туслах сонирхол илүү өндөр, харин шашны өөр итгэл үнэмшилтэй, танихгүй, бэлгийн өөр чиг хандлагатай гэх мэт бүлгүүдэд туслах, хамтран ажиллах сонирхол ахмадуудад бага байжээ.

  •  
    Эх сурвалж: IRIM

    Амьдралдаа сэтгэл хангамжтай, аз жаргалтай байдал нь харин улсын дунджаас өндөр гарсан байна. Ялангуяа, өндөр, тогтвортой орлоготой ахмадууд амьдралдаа илүү сэтгэл хангалуун байжээ. Аз жаргалтай байдлыг ихэвчлэн гэр бүл, үр хүүхдүүдийн амьдрал тогтвортой, өнөр өтгөн гэр бүлтэй байгаатай холбон тайлбарлаж байсан бол сэтгэл хангалуун бус үзүүлэлтийг улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй асуудал, өөрсдийн амьдралын идэвх оролцоо суларч, эрүүл мэнд муудаж байгаатай холбон тайлбарласан байна.

Орон нутагт оршин суугаа, 50-аас дээш насны 362 ахмад настныг хамруулсан уг судалгааны үеэр 12 ахмадтай гүнзгийрүүлсэн ярилцлага хийснээр ийнхүү дүгнэлт хийжээ. 

"Зөвхөн материаллаг баялаг биш, иргэд бие биедээ харилцан итгэдэг, хамтран ажилладаг, харьцангуй тэгш, амар тайван, аз жаргалтай, сайн сайхан нийгэм цогцлоохыг хүсдэг. Харин ийм нийгмийг бүрдүүлэх бодлого боловсруулахын тулд ДНБ зэрэг эдийн засгийн хэмжүүрээс гадна нийгмийн сайн сайхан байдлыг илэрхийлсэн хэмжүүр шаардлагатай. Гэвч энэ талаар судалгаа, мэдээлэл хомс байгаа нь иргэдийнхээ нийгмийн талаарх үнэлгээг харгалзсан төрийн бодлого, шийдвэр гаргах урьдач нөхцөл бүрдэх боломж хомс байгаагийн илрэл" хэмээн IRIM тодотгосон байна.