Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Блокчейн бол боломж, харин бид ашиглаж чадах уу?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Уурын хөдөлгүүр, цахилгаан, дараа нь
микрочип нийлээд хүн төрөлхтний аж үйлдвэрийн
гурван том хувьсгал байлаа. Харин одоо бол
блокчейн технологи дөрөв дэх хувьсгалын цөм байх болно

-Брок Пийрс, бизнесмен-

Крипто. Биткойн, Этериум, Байненс, ерөөс бүх төрлийн койн. Тэгээд крипто. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд эдгээр үгс л мода болж, хүмүүсийн амнаас гарсангүй.

Уурын хөдөлгүүрээр түүчээлсэн хүн төрөлхтний ололт блокчейнээр өртөөлсөөр дөрөв дэх хувьсгалынхаа үүдийг тогших гэж байна. Дөрөв дэх хувьсгалаас бид хэр зэрэг хол байгаа вэ, ойр байгаа бол бид бэлэн үү, бэлэн бол яаж. Эсвэл бид эндээ блокчейнийг тоолгүй өнгөцхөн хандаад, бүрх малгайгаа духдуулж тавиад их хувьсгалын үүдийг хэдэн жил сахих  уу? Хариулт нь тодорхойгүй энэ олон асуултын хариуг хамтдаа хайцгаая.

Блокчейн: Төсөөллөөс бодит байдал

Чухам нэр нь үл мэдэгдэх нэгэн гал нээж, улмаар дугуй гээчийг зохион бүтээгээд зүү гээч рүү шилжих хүртэл хүн төрөлхтөн илүү сайныг 2000-аад жил хайжээ. Зохион бүтээх авьяастай Томас Саверигийн цээжинд уурын хөдөлгүүрийн санаа орж ирсэн нь илүү сайныг хайх их аяллыг илүү дөтчилж, хүн төрөлхтөн өөрсдийнхөө түүхийг өөрөө туулах боломж олгосон юм. Нуршсан өмнөтгөлөө дуусгаад одоо гол асуудалдаа оръё. Блокчейн гэдэг үг 2008 оноос эхлэлтэй. Тухайн үед ердөө хэн нэгний үг байсан ч 10 хүрэхгүй жилийн дотор аж үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болж байгаа нь өөрөө гайхалтай түүх юм. Энэ гайхалтай түх Сатоши Накамото гэгчтэй холбогдоно. Тухайн үед “Биткойн: Дундын зуучлагчгүй цахим мөнгөний систем” нэртэй технологийн танилцуулга цахим  хуудсуудаар цацагдаж байлаа. Арай товчхондоо аливаа мөнгөн солилцоо нь хүнээс хүнд, дундын зуучлагч нэг үгээр гуравдагч этгээдийн оролцоогүйгээр явагдах төлбөрийн систем юм. Хэдийгээр энэ төрлийн технологийн санаа 1991 оноос эхэлсэн ч төдийлөн амжилт олоогүй байлаа. Гагцхүү блокчейн технологи бий болсон нь “биткойн” болж хүмүүсийн шүлсийг асгаруулах болсон байна.

“Блокчейн” гэж чухам юу юм бэ. Энгийнээр тайлбарлах гээд оролдъё. Аливаа нэг хүн компьютер ашиглан криптовалютын аль нэг хэрэгслийг нь сонголоо гэж бодъё. Тухайн хүний процессорт холбогдсон тохиолдолд процессор, процессор дамжин хоорондоо холбогддог технологи юм. Блокчейн технологийн гол зорилго, чиглэл нь аливааг хадгалах, тэдгээрийг дамжуулах, хараат бусаар бие даан хөгжихөд оршино. Эдгээр нь нээлттэй, хамгаалагдсан, дундын болон гуравдагч ч этгээдээр дамжихгүй гэсэн санаа.

Технологийн гоц санаа одоо бодит байдалд бүрэн боломжтойн дээр олон салбарт гэрэл цохиулж, хүний оролцоог улам холдуулж, нарийн төвөгтэй зохион байгуулалтыг илүү амарчилж байна.

Блокчейн: Бодит боломж

Мэдлэгт нэмэр: Дэлхийн томоохон компаниуд тухайлбал De Beers, UPS, Walmart, Amazon зэрэг компаниуд ойрын 10 жилдээ блокчейн технологийг ханган нийлүүлэлтийн салбарт нэвтрүүлнэ гэж тооцоолжээ.

Блокчейн бизнесийн бүх салбарт боломж болчихсон. Бүгдийг тоочвол А4-н хэдэн ч хуудас болж мэднэ. Тиймээс зөвхөн ганцхан салбараар жишээлье. Энэ бол ханган нийлүүлэх систем буюу нийлүүлэлтийн сүлжээ юм. Нийлүүлэлтийн сүлжээ гэдэг бол өргөн цар хүрээтэй ойлголт. Нарийн төвөгтэй, далайц ихтэй энэ салбарт блокчейн аль хэдийнээ боломж болоод эхэлсэн. Блокчейнийг нийлүүлэлтийн сүлжээтэй уясан гарааны хэд, хэдэн бизнесүүд амжилттай явж байна. Тухайлбал Америкийн жижиглэн худалдааны “аварга загас” гэгдэх Уолмарт байна. Хятадаас нийлүүлдэг гахайн махны нийлүүлэлтийг хөнгөвчлөхийн тулд гүйлгээ, бүртгэлийг блокчейн технологид шилжүүлжээ. Ингэснээр махны гарал үүсэл, хэзээ ачсан, хэзээ буусан зэрэг мэдээлэл хормын дотор серверт байрших болсон байна. Цаашдаа Уолмарт группийнхээ хэмжээнд уг системийг нэвтрүүлэх зорилт тавьжээ. Түүнчлэн BHP компани л гэхэд олон төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хооронд нь холбосон блокчейн сүлжээний шийдлийг нэвтрүүлээд байна. Зүүн Өмнөд Азид туна загас нийлүүлэх зорилготой “Прованс” компани ханган нийлүүлэх сүлжээндээ блокчейн технологи ашиглаж эхэлсэн.

Ханган нийлүүлэлтийн сүлжээнд блокчейн үнэхээр үнэ цэнтэй боломж байж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Бодит байдал дээр нийлүүлэлтийн сүлжээний дата бааз хуучинсаг хэдий ч хэрэглэж дадсан байдаг.

Блокчейн технологи ханган нийлүүлэлтийн салбарт нэвтэрснээр дараах хэд, хэдэн эерэг дүн авчирна гэж Маккинзи фирмийнхэн тооцжээ. Тухайлбал аливаа байгууллагын бараа, материалын нийлүүлэлтийн хяналт сайжирна. Баримт, бичиг болон захиргааны зардал буурна. Нөгөөтээгүүр тухайн бүтээгдэхүүний орц, найрлага гэх зэрэг мэдээллийн ил тод байдлыг хангана. Хэн нэгэн этгээдийн, эсвэл тухайн системийн алдаанаас шалтгаалан үүсэж болзошгүй зардал буурна. Эргүүлэн татах, бараа бүтээгдэхүүн татан авах процесс хялбар болно. Тухайн нийлүүлэлтийн сүлжээг илүү ил тод, илүү нарийвчлалтай болгож эцсийн хяналт хийх боломж олгоно. Байгууллагуудын биет хөрөнгийг цахим хэлбэрт шилжүүлж, гүйлгээний төвлөрсөн бус бүртгэл бий болно. Ингэснээр үйлдвэрлэлээс нийлүүлэлт, цаашлаад эцсийн хэрэглэгч хүртэл ил тод байна гэж үзэж болох юм. Блокчейн нь туслан гүйцэтгэгч тус бүрээр орц найрлага, бэлэн бүтээгдэхүүн хэрхэн дамждагийг танин мэдэх, хуурамч бүтээгдэхүүнээс үүдэн гарах алдагдлыг бууруулахад тустай.  Тоочоод байвал энэ салбарт эерэг үр дүн аврах жишээ олон бий. Гэхдээ бид чухам ямар нөлөө үзүүлж болох вэ гэдгийг ухамсарлан ойлгоод, танин мэдэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.