Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хангай-21 гамшгаас хамгаалах сургуулилалт АНУ болон Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг багаас Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах “Хангай-21” сургуулилтыг энэ сарын 14-23-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.

Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудтай хамтран АНУ-ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн аврах ангийн ажилтнууд Өндрөөс аврах олсны сургалт болон Давчуу орон зайнаас аврах ажиллагааны дадлага сургуулилтыг удирдаж, Онцгой байдлын үеийн эмнэлгийн тусламж, Хямралын үеийн харилцаа холбоо, Гамшгийн удирдлага зэрэг дэмжих сургалтыг явуулав.

 

Үүнд Монголын 180 гаруй оролцогчдоос гадна Япон, БНСУ, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нар ажиглагчаар оролцов.

Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжилийн эрсдэл, давтамжаас шалтгаалан, ийм гамшиг тохиолдсон үед Монголын аврах ангийн ажилтнууд иргэдэд тусламж, туслалцаа үзүүлэхэд нь илүү сайн бэлтгэх зорилгоор газар хөдлөлтийн аюулд хариу үйлдэл үзүүлэх ажилд онцгой анхаарал хандуулсан сургалт хийлээ.

Сургалт нь давчуу орон зай болон өндөр орчинд байгаа гамшгийн хохирогчдыг хэрхэн аюулгүйгээр гарган авах талаар танхимын болон хээрийн сургалтын өргөн хүрээний зааварчилгаанаас бүрдэж байв. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнууд онцгой байдлын үед өвчтөнийг хэрхэн ангилах, эмчлэх талаар сургалт явууллаа.

 

Мөн шуурхай ажиллагааны төвийн албан тушаалтнууд аврах болон эмнэлгийн ажилтнуудыг, нөөцийг хэрхэн үр ашигтай удирдах талаар танхимын сургалтад хамрагдсанаас гадна хямралын үед олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах талаар, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах арга замуудын талаар тус тус мэдээлэл хүргэв.

Сургалтын төгсгөлд оролцогчид байгалийн гамшгийг дуурайлган бэлтгэсэн томоохон хэмжээний бодит нөхцөл байдлын дасгал сургуулилтыг амжилттай гүйцэтгэв.

COVID-19-ийн дэгдэлтийн улмаас АНУ болон Монгол Улс жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Говийн Чоно олон улсын гамшгаас хамгаалах сургуулилтыг цуцлахаас өөр аргагүй болсон билээ.

Хангай-21 сургуулилт нь АНУ болон Монгол Улсын эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний хувьд түншлэлээ энэхүү завсрын үед үр бүтээлтэйгээр бэхжүүлэх боломжийг олгосон юм. Уг сургуулилтаас олж авсан ололт, сургамжууд нь 2022 онд дахин эхлүүлэхээр төлөвлөж буй илүү өргөн хүрээний Говийн Чоно сургуулилтын төлөвлөгөөг боловсруулахад туслах болно.

Хангай-21 сургуулилт нь АНУ болон Монгол Улсын хоорондын бат бөх холбоог улам бэхжүүлж, монгол аврагчдыг байгалийн гамшиг тохиолдсон үед ард түмнээ хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх бэлтгэлд ихээхэн ахиц дэвшил гаргалаа.

 

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яам