2022 онд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хувилбарууд
Одоогоор хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдаг байна. Ийнхүү шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаа тооцоог Сангийн яам гаргажээ.
Иймд цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгасан юм.
Яригдаж буй хувилбараас дурдвал:
- 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг бүтнээр нь олгох
- 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гаргажээ.
Хэрэв 6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргасан байна. Энэхүү хуримтлагдах мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулах учраас бичилт төдий биш байх юм гэдгийг Сангийн сайд тодотгосон.
Ямар ч байсан хүүхдийн мөнгийг 2022 онд 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
