АН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих эсэхийг өнөөдөр шийдэх байв.
Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг нэг хоногоор хойшлуулах хүсэлт гарсан.
Тэрбээр "Манай намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалтгүй байна. Тиймээс гишүүдийг чуулганы хуралдаанд биечлэн оролцуулах боломжоор хангах үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авъя" гэсэн юм.
Ийнхүү АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл хойшлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
