Оросын холбооны төсвийн алдагдал гурван сарын дотор бүтэн жилийнхээ зорилтот хэмжээнээс давжээ
Оросын холбооны төсвийн алдагдал 2026 оны эхний гурван сарын хугацаанд бүтэн жилийнхээ зорилтот хэмжээнээс давсан нь Лхагва гарагт тус улсын сангийн яамнаас гаргасан тайлангаас харагджээ.
Тухайлбал энэ оны эхний улиралд төсвийн алдагдал 4.6 их наяд рубль ($58.8 тэрбум) хүрсэн нь бүтэн жилийн зорилтот хэмжээ болох 3.8 их наяд рублиэс ($48.6 тэрбум) хол давсан байна.
2025 оны эхний улирлын алдагдалтай харьцуулахад 2.6 их наяд рублиэр өсжээ.
Нэгдүгээр сараас гуравдугаар сарыг дуустал хугацаанд Оросын төсвийн нийт орлого 8.2 хувиар буурч, 8.3 их наяд рубльд хүрсэн бол төсвийн зардал нь 17 хувиар өсөж, 12.9 их наядад хүрсэн байна.
Үүн дотроо эрчим хүчний салбарын уналт хамгийн хүчтэй байж, газрын тос, байгалийн хийн орлого 45 хувиар буурч, 1.4 их наяд рубльд хүрчээ.
Эрчим хүчний бус салбаруудын орлого 7.1 хувиар өсөж, 6.9 их наяд рубль хүрсэн нь уг уналтыг бага зэрэг зөөллөсөн байна.
Гэхдээ энэ нь бусад зардал, тэр дундаа цэрэг армийн зардлыг нөхөхөд хангалтгүй байжээ.
Гэсэн хэдий ч ОХУ-ын сангийн яам эхний улирлын төсвийн гүйцэтгэлийг “бүтцийн алдагдлын зорилтот параметрүүдийн дагуу хэрэгжсэн” гэж дүгнэсэн байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлтийн үр дүнд оны дунд үеэс сэргэх хүлээлт Оросын эрх баригчдын дунд байгаа бололтой.
Үүний нөлөө эхнээсээ харагдаж, Оросын газрын тосны татварын орлого дөрөвдүгээр сард хоёр дахин нэмэгдэж, 700 тэрбум рубльд ($9 тэрбум) хүрэх төлөвтэй байгааг Ройтерс агентлаг тооцоолсноо Пүрэв гарагт танилцуулсан юм.
Кремлийн эрх баригчид энэ онд уг татвараас 7.9 их наяд рублийн орлого олохоор төлөвлөөд байгаа. Гэхдээ энэ боломж Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайн хэр удаан үргэлжлэхээс хамаарах юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
