Цагаачлалыг хүчтэй эсэргүүцэх болсон Өмнөд Африкт 50 орчим хүн бүлэглэн гадаадын нэг иргэний амийг хөнөөжээ
Өмнөд Африкийн Дурбан хотод гадаадын нэг иргэн 50 орчим хүнтэй бүлэгт зодуулж амиа алдсан тухай тус хотын цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 30-аас 40 орчим настай, одоогоор хэн болох нь тогтоогдоогүй уг эрэгтэйг гудамжаар явж байхад эхлээд хоёр хүн өдөж хоргоосон бөгөөд дараа нь олон тооны хүн түүнийг бүслэн зодож эхэлсэн байна.
Хохирогч хэргийн газарт нас баржээ.
Цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг гэж үзэн шалгаж эхэлсэн боловч хэрэг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Уг аллага нь энэ онд Өмнөд Африк даяар өрнөж, зарим тохиолдолд хүчирхийллийн хэлбэрт шилжих болсон цагаачдын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг байж магадгүй юм.
Энэ сарын эхээр Дурбан хот болон Йоханнесбург хотын ойролцоох Совето дүүрэгт гадаадын иргэдийн эзэмшдэг дэлгүүр, автомашинуудыг шатаасан хэргүүд гарч байв.
Мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Роберт Нетшиунда хэвлэлд өгсөн ярилцлагадаа Дурбан хотод гарсан аллагын шалтгааны талаар одоогоор таамаг дэвшүүлэх боломжгүй бөгөөд баттай мэдээлэл олдох үед олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх өгөхөө амлажээ.
Засгийн газрын зүгээс эсэргүүцэгчдийг тайван замаар асуудлаа шийдвэрлэхийг уриалж буй хэдий ч цагаачлалын тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа.
Тус улсын эрх баригчид энэ оны эхээр цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлснээс хойш олон арван мянган гадаадын иргэнийг албадан гаргах, эх оронд нь буцаах ажиллагаа явуулаад байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагч бүлгүүдийн нэг болох "March and March" бүлэг бичиг баримтгүй бүх цагаачдыг энэ оны зургаадугаар сарын 30-ны дотор Өмнөд Африкаас гаргахыг шаардаж, хугацаа тогтоосон юм.
Уг хугацаа дуусахаас өмнө хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, Африкийн бусад орны иргэдийн биед халдсан тухай мэдээллүүд гарч байлаа.
Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Зимбабве, Нигери, Гана зэрэг улс орнууд цаашид хүчирхийлэл газар авахаас болгоомжлон иргэдээ эх оронд нь буцаах арга хэмжээ авч эхэлжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригчид сүүлийн бараг хорь орчим жилийн турш гадаадын иргэдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой халдлага, гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн юм.
2008 онд гадаадын иргэдийн эсрэг өргөн хүрээтэй халдлага гарахад 60 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн дүрвэж байжээ.
Сүүлийн үеийн үймээн самуун нь тус улсын ажиллах хүчний гуравны нэг орчимд нөлөөлж буй ядуурал, тэгш бус байдал, ажилгүйдэлтэй холбоотой.
Цагаачдыг нутгийн иргэдээс ажлын байрыг булааж авдаг, гэмт хэргийн өсөлтөд нөлөөлдөг, төрийн үйлчилгээнд дарамт учруулдаг гэж байнга буруутгадаг боловч судлаачид үүнийг нотлох тоо баримтаар баталгаажуулж чадаагүй байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч Өмнөд Африк нь ажил хөдөлмөр, аюулгүй байдал, илүү сайн боломж хайж буй Африк тивийн бусад орнуудын иргэдийн очихыг мөрөөддөг гол газруудын нэг хэвээр байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
