Трампын доромжлолын хариуд Гринландын эрх баригчид “бид мөсний хэлтэрхий биш” гэж тайлбарлав
Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь өдөөсөн Ираны эсрэг дайныг дэмжихгүй байгаа НАТО-гийн холбоотнууддаа дахин бухимдал илэрхийлсэн юм.
Ингэхдээ тэр АНУ-д нэгтгэх санаагаа байнга илэрхийлдэг Дани улсын харьяа Гринланд арлыг хөндсөн байна.
Тэрбээр тус арлыг “ТОМ, ХӨГЖИЛ ДОРОЙ, МӨСНИЙ ХЭЛТЭРХИЙ” гэж доромжилжээ. Өөрөөр хэлбэл НАТО-гийн гишүүн Дани улс Гринланд арлыг хангалттай арчлахгүй байгааг шүүмжилсэн байна.
Тэгвэл Гринландын засаг захиргааны тэргүүн Йенс-Фредерик Нилсен өчигдөр Трампын мэдэгдэлд хариу өгчээ.
“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол Дэлхийн Хоёрдугаар дайны дараа бий болгосон олон улсын хамтын нийгэмлэгийг хэвээр хадгалах, бидний эрхэмлэн хүндэлдэг батлан хамгаалах эвсэл, бүх талуудын дээдэлдэг олон улсын хууль дүрмийг хамгаалах юм. Эдгээр үнэт зүйлс одоо сорилттой тулгарч байгаа тул бүх холбоотнууд хамгаалахын тулд нэгдэх ёстой гэж би бодож байна. Би ингэнэ гэдэгт найдаж байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Нилсен цааш нь “Бид мөсний хэлтэрхий биш. Бид бол энэ дэлхийн үлгэр жишээ иргэнийхээ хувиар өдөр бүр хөдөлмөрлөж, бүх холбоотнууддаа хүндэтгэлтэй ханддаг 57,000 хүн амтай үндэстэн юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
