Атлантын далайд нууц ажиллагаа явуулж байсан Оросын шумбагч хөлгүүдийг мөрдөж, хөөж явуулснаа Их Британи мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн хойд хэсэгт чухал кабел, дамжуулах хоолой байрладаг газарт нэг сарын турш ямар нэг “нууц ажиллагаа” явуулж байсан Оросын гурван шумбагч хөлгийг мөрдөж, албадан буцааснаа Их Британийн батлан хамгаалах яам Пүрэв гарагт мэдээлжээ.

Уг ажиллагаанд Норвеги улс болон нэр дурдаагүй өөр нэг холбоотон улс хамтран оролцсоныг батлан хамгаалахын сайд Жон Хийли мэдээлсэн байна.

Мөн Оросын хөлгүүд далайн усан доор оршдог дэд бүтцийн байгууламжуудыг гэмтээсэн гэх ямар нэг баримт олдоогүйг баталжээ.

Ажиллагаанд Их Британийн байлдааны хөлгүүд, нисэх онгоцнууд оролцсон гэнэ.

Оросын Акула ангиллын цөмийн хөдөлгүүрт довтолгооны шумбагч хөлөг, Оросын Тэнгисийн Гүний Судалгааны Ерөнхий Газрын (ГУГИ гэгддэг) хоёр тусгай шумбагч хөлөг уг “нууц ажиллагаа”-нд оролцож байжээ.

“Манай кабел шугамууд, дамжуулах хоолойнуудын ойролцоо танай хийж буй зүйлийг бид анхааралтай ажиглаж байгаа. Тэдгээрийг гэмтээх гэсэн аливаа оролдлогыг бид тэвчихгүй, ноцтой үр дагаварт хүргэх болно” гэсэн дохиог ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өгч байгаагаа батлан хамгаалахын сайд Даунинг стритэд зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр илэрхийлсэн байна.

зураг
 

Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яам Хийлигийн мэдэгдлийн талаар “итгэх аргагүй, баталгаажуулах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

“Орос улс Их Британийн чухал ач холбогдолтой далайн доорх дэд бүтцэд аюул занал учруулдаггүй. Энэ талаар түрэмгий санаа илэрхийлдэггүй” гэж тус яамнаас мэдэгдсэн байна.

Оросын эрх баригчид өмнө нь бас Европын орнуудын далайн дэд бүтцүүдэд гарсан цуврал гэмтлүүдтэй холбоогүйгээ мэдэгдэж байсан юм.

Мөрдлөгийн явцад олж авсан зарим баримтыг өчигдөр танилцуулах үеэр Оросын Баренцын тэнгисийн Оленья баазын зогсоолд байрласан ГУГИ-ийн шумбагч онгоцнуудын гэрэл зургийг үзүүлжээ.

Довтолгооны шумбагч нь энхийн цагт усан доорх дэд бүтцийг судлах, дайны үед хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зориулалттай дээрх хоёр хөлгөөс “анхаарал сарниулах зорилготой дагалдаж явсан” гэж үзэж байгаагаа Хийли тайлбарласан байна.

Тэдний ажиллагааг хянаж байгаагаа мэдэгдэхийн тулд Их Британийн тэнгисийн хүчнийхэн зориуд дохио өгч байсан гэнэ.

“Бид тэдний нууц ажиллагаа илэрснийг анхааруулсан нь манай дэд бүтцийг гэмтээх аливаа оролдлогыг нь таслан зогсоох зорилготой байсан. Үүний үр дүнд ямар нэг гэмтэл учруулсан гэх баримт нотолгоо олдоогүй” гэж сайд хэлжээ.

Уг ажиллагаанд Их Британийн армийн 500 орчим алба хаагч оролцож, нисэх онгоцнууд 450 гаруй цагийн нислэг үйлдэж, тэнгисийн хөлгүүд хэдэн мянган далайн миль зам туулсан гэнэ.

Энэ үеэр Хийли бас Оросын газрын тос тээвэрлэгч “сүүдрийн флот”-ын хөлгүүдийг Их Британийн харьяа тэнгисийн усаар зорчуулахгүй байх арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP