С.Заяадэлгэр: Дүрмийн өөрчлөлт нь буцаагдсан намуудад Улсын дээд шүүхээс тогтоосон 60 хоногийн хугацаа дуусах дөхөж байна
Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой сэдвээр Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэрээс тодрууллаа.
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын хүрээнд намуудад дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа шинэчлэх хугацааг анх хэрхэн тогтоосон, хууль тогтоогчоос хугацаанд оруулсан өөрчлөлтийн талаар яриагаа эхэлье?
- Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан. Энэ дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх, уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхийг үүрэг болгосон байдаг.
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар дээрх заалтад өөрчлөлт оруулж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгож өөрчилсөн. Үүнээс үзэхэд, улс төрийн намуудад хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаанд намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх шаардлага тавигдсан гэсэн үг. Хугацааны хувьд хангалттай буюу намын Их хурлаа хэд хэдэн удаа хийх боломжтой болохыг та бүхэн харж буй байх аа.
- Улсын дээд шүүхэд хэдэн нам тогтоосон хугацаанд намын дүрмээ шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө ирүүлсэн бэ. Мөн өргөдөл ирүүлээгүй хэчнээн нам байна вэ?
-Монгол Улсын дээд шүүхэд 2025 оны байдлаар улс төрийн 37 нам бүртгэлтэй байсан. Үүнээс 29 нам нь хуульд заасан хугацаа болох 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхэд ирүүлсэн. Харин нэр бүхий 8 намын хувьд намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй буюу Улсын дээд шүүхэд өргөдөл ирүүлээгүй байна.
- Намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө тогтоосон хугацаандаа ирүүлсэн боловч дүрмийн өөрчлөлт нь алдаа, зөрчилтэй гэж буцаагдсан намуудын хувьд Улсын дээд шүүхэд дахин хандаж болох уу. Ямар нэг боломж, хугацаа олгож байгаа юу?
- Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өргөдөл ирүүлсэн боловч хуульд нийцээгүй улмаас тухайн дүрэм нь бүртгэгдээгүй, буцаагдсан намд дүрмийн агуулгад байгаа алдаа зөрчлөө зассаны үндсэн дээр дахин нэг удаа хандах 60 хоногийн хугацаа тогтоосон.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор намын дүрмийг бүртгэхээс татгалзсан, танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд намын дүрмийг албан бичгээр буцаасан шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 23-наас өмнө өргөдөл гаргагчид гардуулсан бол дээр дурдсан өдрөөс хойш 60 хоногийн дотор, харин 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар намын дүрмийг бүртгэхээс татгалзсан эсхүл тухайн өдрөөс өмнө нь бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан боловч шийдвэрийг гардуулж өгөөгүй бол холбогдох тогтоол, шийдвэрийг өргөдөл гаргагчид гардуулснаас хойш 60 хоногийн дотор алдаа зөрчлөө зассаны үндсэн дээр дахин хандах боломжтой юм.
Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоож өгсөн энэхүү хугацаа зарим намуудын хувьд дуусаж хугацаандаа өргөдлөө ирүүлсэн байгаа бол зарим намуудын хувьд хугацаа дуусах дөхөж байгааг сануулж хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Тиймээс намууд шүүхээс тогтоосон хугацааг баримтлах, тогтоол, шийдвэрт дурдсан алдаа зөрчлөө бүрэн арилгах, дүрмээ хуульд нийцүүлэх тал дээр хариуцлагатай хандах шаардлагатай юм.
- Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 60 хоногийн дотор алдаа зөрчлөө зассаны үндсэн дээр өргөдлөө гаргах хэчнээн нам байгаа вэ. Намын бүртгэлийн сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?
- Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн алба 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хуулийн хугацаанд багтаж өргөдлөө ирүүлсэн 29 намаас 11-ийг бүртгэж, үлдсэн 18 намаас найман намын өргөдөлд баримт бичгийн шалгалтын ажиллагаа хийж байна. Харин 60 хоногийн дотор алдаа, зөрчлөө засаж, өргөдөл ирүүлэх 10 нам байгаа.
- Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой хууль болон дагалдах журмын хэрэгжилтийг хангах чиглэлд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?
- Улсын дээд шүүх, түүний Тамгын газраас улс төрийн намын бүртгэлийн цахим системийг шинэчилж, төрийн үйлчилгээний Хур-Дан системд холбож, шинээр бүртгүүлэх намын гишүүнчлэл, баримт бичгийн бүрдүүлбэрийг шалгах, мэдээ, мэдээллийг шуурхай нийтлэхтэй холбоотой ажлуудыг хялбар, дөхөм болгосон. Улс төрийн намуудаас Улсын дээд шүүхэд ирүүлж байгаа намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой гарч буй асуудал, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийт шүүгчийн хуралдаанаас “Шалгах хуудас”-уудыг боловсруулан баталсныг нийтэд мэдээлж, намуудад хүргэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороотой хамтран намуудын төлөөллийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа өргөн нэвтрүүлгийн 5-6 телевиз, мэдээллийн сайтуудад тайлбар, ярилцлага өгөхийн зэрэгцээ Улсын дээд шүүхийн албан ёсны www.Supremecourt.mn цахим хуудаст Улс төрийн намын бүртгэл, Намын бүртгэлийн мэдээ гэсэн хоёр цэсийг тогтмол хөтөлж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гарсан намын бүртгэлтэй холбоотой тогтоолууд болон намуудаас ирүүлсэн өргөдлийн явцын мэдээллийг тухай бүр мэдээлж байна.
Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн албаны мэргэжилтнүүд намуудын холбогдох төлөөлөгчдөд тогтоолыг гардуулж, лавлагаа, мэдээллийг олгон ажиллаж байна.
- Намын дүрмийн шинэчилсэн бүртгэлийн асуудлаар улс төрийн намуудад анхааруулж хэлэх зүйл байна уу?
- Хамгийн гол нь улс төрийн намуудын хувьд дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандах хуулийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Энэ хугацаанаас өмнө ирүүлсэн боловч бүртгэгдээгүй намуудын хувьд Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоож өгсөн 60 хоногийн хугацаа дуусах дөхөж байна. Өнөөдрийн байдлаар 18 намын дүрэм бүртгэгдээгүй тул энэ удаад хариуцлагатай хандахыг сануулах нь зүйтэй болов уу. Улсын дээд шүүхийн хувьд аливаа бүртгэлийг хийхгүй татгалзсан тохиолдолд хуулийн үндэслэл, шаардлага, шалтгааныг тодорхой, дэлгэрэнгүй зааж өгдөг. Энэ нь хуулийн шаардлагыг хангуулах зорилготой бөгөөд үндэслэлгүйгээр татгалздаггүй болохыг намууд ойлгож, хуулиа сайн судлахаас гадна Улсын дээд шүүхийн тогтоолыг анхааралтай унших нь зүйтэй юм.
- Намын дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй тохиолдолд эрх зүйн ямар үр дагавартай вэ?
- Улсын дээд шүүхээс намын дүрэм нь буцаагдсан намуудад дүрмийнхээ алдаа зөрчлийг шүүхээс тогтоосон хугацаанд арилгаж ирүүлээгүй, эсхүл дахин өргөдөл гаргаагүй тохиолдолд намын дүрмээ хуульд нийцүүлэх арга хэмжээг хуульд заасан хугацааны дотор авч хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх, нөгөөтэйгүүр, шүүхээс тогтоосон хугацаандаа намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр өргөдөл ирүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй бол бүртгэхээс татгалзах, ийм шийдвэр гарснаар мөн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байгаа. Тодруулбал, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дүрэм нь уг хугацаанаас Улсын дээд шүүхэд бүртгэлгүйд тооцогдох, бүртгэлгүйд тооцогдсоноор хүчин төгөлдөр байдлаа алдах хууль зүйн үр дагавартай.
Тэгэхээр улс төрийн намуудын тухайд шүүхээс тогтоосон хугацааг баримтлах, тогтоол, шийдвэрт дурдсан алдаа зөрчлөө бүрэн арилгах, дүрмээ хуульд нийцүүлэх талаараа анхаарах нь зөв байх гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
