Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

“АН-ын лидерүүд 60 настай ч МАН-ын 30-тай залуусын дэргэд сэтгэлгээ, бие физиологийн хувьд илүү”

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээлэл өнөөдөр боллоо. Тус нам Үндэсний бодлогын хорооны хурлаараа УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нарыг нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Энэ талаар АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулах нэг сарын хугацаанд бид олон уулзалт хийсэн. Намын гишүүд болон парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж байхад сөрөг хүчингүй боллоо гэдэг шүүмжлэл их байсан. Тиймээс бид УИХ-д сөрөг хүчний дуу хоолойг хамгийн хүчтэй гаргаж чадах хүнийг нэр дэвшүүлэхээр болсон. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлж байна.

Хагарсан бутарсан гэгдэж байсан хүмүүс одоо нэг зүйл дээр санал нэгдэж байгаа. Энэ нь юу гэхээр хүчтэй сөрөг хүчинтэй болох.

Манай нэр дэвшигчидтэй холбоотой хөгшин, залуу гэдэг шүүмжлэл гарч байна. Үүнтэй адил насаар нь хагалан бутаргах гэсэн оролдлого манай нам дотор ч сүүлийн үед гарах болсон. Үүнийг бид буруу үзэж байгаа. Нам бол улс төрийн үзэл бодлоороо нэгддэг байгууллага. Тодорхой асуудлууд дээр бүлэг, фракц болох нь бий. Харин 60, 70, 80, 90-ээд оныхон гэж хуваагдах ёсгүй.

Хоёрдугаарт, манай намын лидерүүд болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарыг та бүхэн мэдэх байх. Биологийн нас нь 60-тай ч МАН-ын 30-тай залуусын дэргэд сэтгэлгээ, бие физиологийн хувьд илүү. Би саяхан сайд асан С.Баярцогттой уулзсан. Бие хаа нь 25-тай хүнээс илүү нөхөр гүйж явна билээ. Тиймээс нас ярих асуудалд АН оролцоод байх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

АН-ын гишүүн М.Тулгат “Энэ асуудалд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. АН-ын залуучуудын төлөөлөл гээд хэнийг ч нэр дэвшүүлж болно. Гэхдээ Э.Бат-Үүл бол Ардчилсан намын анхны дарга. Бид ардчиллын туг болсон энэ хүнийхээ дор нэгдэж, эрх баригчидтай хийх тэмцэлд оръё гэж байгаа юм. Улс төрийн нам гэж үзэл санааныхаа төлөө тэмцэж, ард түмний дуу хоолой болохыг хэлдэг.

Мөн нэг зүйлийг хэлье. Аравдугаар сарын 20-нд буюу Баасан гарагт бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна. Нийгэмд цочроо хэрэгтэй байна. Өнөөдөр хүн болгонд зовлон байгаа. Гэтэл төр засаг нь иргэдийнхээ дуу хоолойг сонсохоо болиод дүлийрчихсэн. Дарга, албан тушаалтнуудын найз нөхөд л илүү боломжийг эдэлж, бусад нь хаягдаж байна. Үүний эсрэг дуугарна. Энэ тэмцэл цаашид үргэлжилнэ” гэлээ.