ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг нийслэлийн өмч болголоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын тэргүүлэгчдийн  хуралдаанаар 1-р амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

9,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн шинэ барилга, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлийг нийслэлийн өмчид бүртгэн авах ёстойгоос эхний  ээлжийн 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн шинэ барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм.

Нийслэлийн өмчид 11169 м2 эмнэлгийн барилга, гадна дулааны болон цэвэр бохир усны шугам, дизель станц, асфальтобетон зам, явган зам, зүлэгжүүлсэн талбай, эмнэлгийн гаднах гэрлэн хаяг зэргийг оруулж байгаа юм байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдрөөс ашиглалтад орж, эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ..

Барилгын тавдугаар давхарт

  • орчин үеийн вакум хагалгааны 1,
  • энгийн хагалгааны 2 өрөөтэй,


Гурав, дөрөвдүгээр давхруудад

  • 100 ортой эмэгтэйчүүд,
  • 50 ортой нярайн эмчилгээний хэсэгтэй,

Хоёрдугаар давхарт

  • параклиник,
  • ариутгал,
  • эмийн сан,
  • хурлын заал,
  • сургалтын танхимууд,

Нэгдүгээр давхарт

  • амбулатори,
  • хүлээн авах,

Зоорийн давхарт

  • ажилчдын цайны газар,
  • хувцас солих өрөөнүүд,
  • угаалга,
  • дезкамер гэх мэт зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа аж.

 Дашрамд дуулгахад “Бороо гоулд” ХХК  өөрийн хөрөнгөөр 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай клиникийн нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг барьж Монголын ард түмэнд бэлэглэсэн юм.