Америкийн Зэрлэг Өрнөдийн цуутай дээрэмчин “жаал” Биллиг (Billy the Kid) алсан гар буу дуудлага худалдаагаар $6 саяын үнэ хүрсэн нь галт зэвсгийн үнэлгээний дээд амжилтыг тогтоожээ.
Шериф Пат Гарретын эзэмшиж байсан Кольт үйлдвэрийн .44 калибрийн уг гар бууг $2-$3 саяын үнэ хүрнэ гэж Баасан гарагийн дуудлага худалдааг зохион байгуулагчид тооцоолж байсан гэнэ. Гэвч анхны төсөөллөөс хоёр дахин өндөр үнэ хүрчээ.
Жинхэнэ нэр нь Хенри Маккарти буюу “жаал” Билли 1881 оны долдугаар сарын 14-ний өдөр Нью Мексикод цээжиндээ буудуулж амиа алдсан юм.
Алагдахдаа тэр 21 настай байжээ.
Галт зэвсгийн үнэлгээний өмнөх дээд амжилтыг 2002 онд $1.98 саяар зарагдсан АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гар буу тогтоож байсан гэнэ.
Баасан гарагт Bonhams дуудлага худалдааны төв Техасын цуглуулагчдын өмчлөлд байсан Америкийн өрнөдийн хуучин галт зэвсгүүд, гар бичмэлүүд, гэрэл зургууд зэргийг заржээ.
“Жаал” Билли 1881 оны дөрөвдүгээр сард шоронгоос оргохдоо шерифийн туслахыг өөрийнх нь хоёр амтай урт буугаар хөнөөж байсан гэдэг. Энэ бууг Баасан гарагт мөн дуудлага худалдаагаар зарахад төсөөлж байснаас гурав дахин өндөр үнэ буюу $980,000 хүрсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!