Монсудар хэвлэлийн газраас Монгол болон бусад улс оронд түгээмэл ургадаг 700 гаруй төрөл зүйл ургамлын зураг, шинж чанар, хэрэглээ ач холбогдлыг багтаасан “Ургамлын нэвтэрхий толь” номыг эрхлэн гаргалаа.
Ургамлын зүйл тус бүрийн зургийг оруулж, монгол-латин нэршилтэй нь давхар хадаж өгсөн монголд хэвлэгдэж буй анхны бүтээл гэхэд хилсдэхгүй.
Уг бүтээлээс та бүхэн нэг төрөлд хамаарах ховор болон түгээмэл ургамлын зүйлийг мэдэж авахаас гадна, олонд нэр нь хэдийнээ танил болсон ч шинж чанар, онцлогийг нь төдийлөн анзаардаггүй байсан ургамлуудын эмийн болон хэрэглээний ач холбогдлыг мэдэж авах юм.
Тухайлбал, сонгинын төрлийн ургамалд саримс, хөмөл, таана, гогод, мангир, халиар; нэрсний төрөлд аньс, алирс; улааганын төрлийн ургамалд улаалзгана, үхрийн нүд, хад жимс багтдаг талаар. Мөн бидний сайн танил, багын тоглоом “баабан бээбэн” гэж нэрлэн хүслээ шивнэж, шүхэр мэт хөвөн нисгүүрийг нь үлээж өссөн багваахай цэцгийн эмийн болон бусад ач холбогдлыг уншиж, мэдэж авах боломжтой.
Улиасны төрлийн нэгэн зүйл улиангар модны шүүсийг цахлайд түрхдэг талаар төдийгүй бидний хажууд энгийн оршиж буй бүхэн дотроо гайхамшиг агуулж байдгийг энэхүү нэвтэрхий толиос та харах болно. Наад захын жишээ нь, бидний хамгийн сайн мэдэх шарилжийн харшилтай хүн олон ч, шарилжийг эмийн ач холбогдолтойг мэддэг нь цөөн.
Мөн Монгол ургамлын нэршлийг ажиглавал, тухайн ургамлын зүйлийг өөр үгээр оноож нэрлэсэн тохиолдол цөөнгүй байна. Жишээлбэл, улаалзганыг тэхийн шээг, согоосуман башрыг юмдүүжин, банздоогийн төрлийн ургамлыг вансэмбэрүү, бадамлянхуа цэцгийг бөлбөө, шарилжийн нэг зүйлийг хар шаваг гэж нэрлэн ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Түүнчлэн энэхүү нэвтэрхий тольд үе мөч, зүрх судас, бөөр нуруу, элэг уушги, ходоод гэдэс, эмэгтэйчүүдийн болоод бусад бүх л төрлийн өвчинд ургамлын ямар төрөл зүйлийг хэрэглэх, түүхий эд хэрхэн бэлтгэх, тунгийн хэмжээ, ханд бэлдэх аргачлал зэргийг тайлбарлан таниулах үүднээс тодорхой бичиж оруулсан билээ.
Бид хотын гудамжаар алхаж явахдаа, талбайг чимсэн өнгө өнгийн үзэсгэлэнт цэцэгс, жимс, самранцар ургасан моддыг шохоорхон хардаг ч тэр бүр нэрийг нь мэдээд байдаггүй. Аялал зугаалгаар явахдаа ч ургамлын үзэсгэлэнтэй сайхныг нь гайхаж зургийг нь дараад л өнгөрдөг байсан бол одоо ургамлын толио бариад, хортой хоргүй шинж чанар, хүн болон мал амьтны биед үзүүлэх эмийн нөлөө зэргийг уншиж мэдэх, тольд оруулсан зургийг хараад л шууд танин нэрлэх боломжтой боллоо.
Хот аймаг, сумын төв, айл хөлийн газраас хол; эмч эмнэлэг үгүй үед гэмтэж бэртэх тохиолдолд тархац нутгийн онцлогоос хамаарч эмчилгээний ямар ургамлыг, аль өвчинд хэрэглэх, хэрхэн хандлах, шавших, тунгийн хэмжээг тааруулах зэрэг ойлголтыг уг нэвтэрхий толиос харж, анхны тусламж үзүүлэх боломжтой юм. Гэхдээ заавал эмчийн заавар, зөвлөмжийг дагаж баримтлахыг мартаж болохгүй.
Мөн ургамлын бүтэц бүрэлдэхүүн, нэр нэршил зэрэг мэргэжлийн судлаач, оюутнуудад хэрэгтэй мэдээллийг багтаасан тул хэн хүн хэрэглэх нийтийн ном болж буй юм. Ургамлын гэрэл зураг сонирхогч та ч бас ургамлын төрөл зүйлийг овогтой нь, латин-монгол нэршилтэй нь мэдэж авахаас гадна тархац нутаг, ургах орчныг нь ч уг толиос олж мэднэ.
“Ургамлын нэвтэрхий толь” дахь дийлэнх ургамлын төрлийг ургамлын ангилал зүйч, нэрт эрдэмтэн, доктор, профессор Ч.Санчир гуай бичсэнийг биологийн ухааны доктор, профессор Ш.Дариймаа нэмэн дэлгэрүүлснээс гадна хэвлэлийн газрын зүгээс холбогдох ном бүтээлийг эх сурвалж болгон зарим мэдээллийг нь гүйцээж энэхүү бүтээлийг эрхлэн гаргалаа.
Уг нэвтэрхий толь бичгийг ашиглах явцад гарсан санал шүүмжлэлийг бид хэвлэлийн газрын info@monsudar.mn хаягаар талархан хүлээж авах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!