Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльд өдөрт бүртгэгддэг Covid-19 халдварын тохиолдол цар тахлын оргил үедээ ойртож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Вакцинжуулалтын хурдаар дэлхийд гайхагдаж байсан Израйль улсад коронавирусийн халдварын шинэ давалгаа эрчимжиж, цар тахлын оргил үеийн түвшиндээ ойртжээ.

Даваа гарагт тус улсад халдварын 9,831 тохиолдол шинээр нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 18-ны хамгийн өндөр үзүүлэлт болох 10,118 тохиолдолд ойртсон байна.

Коронавирусийн Дельта хувилбар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст ч халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ.

Вакцинжуулалтын үр дүнд өдөрт бүртгэгддэг халдварын тоо нь нэг оронтой тоонд хүрэхэд Израйль улс тавдугаар сарын 22-ноос хэвийн амьдралд шилжиж эхэлсэн юм.

Мөн наймдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдад хилээ нээхээр болж байжээ.

Гэвч Дельта хувилбарын тархалтын улмаас одоо энэ товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмаа цуцалсан байсныг буцаан сэргээжээ.

Гэхдээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс энэ удаагийн давалгааны үеэр халдвар авсан ч хүндээр өвчлөхгүй байгааг Израйлийн засгийн газрын судалгаа харуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсын 9.3 сая хүн амын 5.9 сая нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Энэ удаагийн давалгааны үеэр нас баралтын тоо хэмжээ ч нэгдүгээр сарын оргил үеийнхээс бага байгаа гэнэ.

Гэхдээ вакцинжуулалтад эрт хамрагдсан хүмүүсийн дотор халдвар авах явдал түгээмэл байгаа нь вакцины хамгаалах чадвар хугацааны уртад сулардгийг баталж байна.

Тодруулбал энэ оны эхээр вакцины хоёр дахь тунгаа тариулсан дунд насны иргэдийн дунд өвчлөл өндөр байгаа ажээ. Тиймээс иргэдийг гурав дахь тунд хамруулах ажлыг яаралтай эхлүүлээд байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Израйлийн засгийн газар өндөр настнууд болон эрүүл мэндийн ажилтнууд, багш нарыг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлжээ.

Энэ хугацаанд тус улсын 1.6 сая иргэн вакцины гурав дахь тунгаа тариулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press