Гэвч тус хичээлийн шалгалтын дараа олон нийтийн сүлжээнд Нийгэм судлалын хичээлийн ажиллаж дууссан шалгалтын материалын зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, тест задарсан эсэх эргэлзээг төрүүлсэн юм.
Өчигдөр БҮТ-өөс мэдээлэл хийх үеэрээ дээрх асуудалтай холбоотойгоор хэлэхдээ “Нийгэм судлал хичээлийн шалгалтын материалыг Бямбаа багш гэх фэйсбүүкийн хэрэглэгч олон нийтийн сүлжээнд тараасан. Үүнийг шалгахад Бямбаа багш гэгч нь шалгалт дууссаны дараа материалын зургийг тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүний шавь шалгалтын материалыг хураалгалгүй авч гарч, багшдаа өгсөн нь тогтоогдсон. Шалгалтын дэг зөрчсөн тул журмын дагуу холбогдох арга хэмжээг авна” гэсэн.
Редакцын зүгээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс "Багш Бямбаа" гэх цахим хаягтай түүх, нийгмийн ухааны багш М.Бямбадашаас болсон үйл явдлын талаар тодрууллаа.
- Цахим сүлжээгээр таныг Нийгэм судлалын хичээлийн ЭЕШ-ын материал задруулсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү. Зургийг харахад дээр нь ажилласан материал байсан. Та материалыг хэзээ хаанаас хэнээс авснаа үнэн зөвөөр хэлж өгнө үү?
- Сайн байцгаана уу би Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургуульд Түүх, нийгмийн ухааны багшаар ажилладаг. 2017 оноос эхлээд сүүлийн таван жил дараалан сурагчдыг ЭЕШ-д бэлтгэж байгаа залуу багш нарын нэг. Эхний хоёр жил сургалтын төвүүдтэй хамтарч ажилладаг байж байгаад сүүлийн гурван жил хуваариа хүүхдүүдийг ЭЕШ-д бэлдэж ирсэн. Өчигдөр Ikon.mn дээр гарсан БҮТ-өөс хийсэн мэдээллийг уншсан. Та бүхэн мэдээж хэрэг мэргэжлийн байгууллагаас хэлсний дагуу мэдээллийг олон нийтэд хүргэсэн байх.
Болсон зүйлийн талаар товч ярья. Би их нээлттэй багш. Цар тахлын үед олон хүүхэд сургалтын хоцрогдолтой байгаа учраас багш нар сайн дураараа өгөх хэрэгтэй гэж боддог. Үүнийхээ хүрээнд онлайнаар хүүхдүүдэд зөвлөгөө өгч, асуултад нь хариулдаг.
Ийнхүү өөрийн гаргасан дутагдалтай зандаа би хариуцлага хүлээнэ.
- Шалгаад өгөөч багшаа гэж тань руу хэдэн цагт чаат илгээсэн бэ?
- Зөв хийсэн, буруу хийсэн болов уу гээд багшаасаа асууя гэж бодоод л тэр хүүхэд маань ажилласан материалаа авч гараад, зургийг над руу явуулсан хэрэг. Чаат нь тухайн өдөр шалгалт дууссаны дараа ирсэн бөгөөд би 18:06 минутад хаалттай групп чаатандаа оруулсан.
Түүнийг чаатанд байсан нэг хүн нь скрийншот хийгээд өөр сургалтын төвийн багш руу явуулчихсан. Тэр багш харин намайг тааг хийсэн нь 60 мянга гаруй хүнтэй фэйсбүүк хуудас руу орчихсон байсан. Ийм л зүйл болсон. Энэ бүгд надад маш том сургамж боллоо. Олон нийтэд материал задарсан мэтээр буруу ойлголт төрүүлэх үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна.
- Зургийг нь явуулаад “Бушуу түргэн ажиллаарай” гэж бичсэн байсан?
- Би их түргэн зантай, хурдтай байх гээд байдаг хүн л дээ. Энэ нь миний дутагдалтай зан юм байна гэдгийг саяны зүйлээр дамжуулаад сайн ойлгож, ухаарлаа. Яарах хэрэггүй байж. Мөн зарим зүйлийг өнгөрөөх ёстой байдгийг залуу багшийнхаа хувьд ухаарлаа. “Бушуу түргэн ажиллаарай гэдэг үг л намайг ороочихлоо.
Гэхдээ одоо бол нэг зүйл дээр маш их эмзэглэж байна.
- Ямар зүйл вэ?
- Скрийншот чаатнаас хийхдээ миний хүүхдүүдийн нэр утасны дугаарыг дарахгүйгээр цацаж, материал задруулсан гээд оруулчихсан байгаа юм. Үнэн зөвийг ялгаагүй, ядаж цагийг нь нягтлаагүй байж буруу ойлголт төрүүлэх пост оруулснаас болоод гэгээн цагаан хөдөлмөрөөрөө оноогоо авсан хүүхдүүд рүү минь чи хуулсан, ингэсэн тэгсэн гээд янз бүрээр бичиж ярьж байна гэсэн. Шалгалтаас болоод сэтгэл зүйн дарамтад орсон олон мянган хүүхдүүд буруу ойлгогдох зүйл бичиж бусниулсан багшид бас ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Гүтгэлгийг дэвэргэсэн группт нь хариуцлага хүлээлгэнэ.
- Тухайн хүүхдэд шалгалтын материалыг зургийг аваад явуулаарай гэж хэлээгүй юу?
- Үгүй.
- Танаас давтлага авсан хүүхдүүдийн хувьд дарамтад орсон асуудал үүссэн үү?
- Тийм ээ үүссэн. Хүүхдүүд рүү янз бүрээр залгаж, зурвас ирээд хэцүү байна гэсэн. Тэгээд багшаа би хуулаагүй биз дээ, амиа хорломоор санагдаж байна гэж хүртэл уйлаад ярьж байгаа. Би одоо хүүхдүүддээ л санаа зовж байна. Би яах вэ энэ бүхнийг даваад гарч чадна. Хүүхдүүд бол бүгд өөрсдийнхөө хүчээр бүтэн жил бэлдсэн хөдөлмөрөөрөө шалгалтаа шударгаар өгөөд гарч ирсэн. Тэдний дунд муу оноо авсан ч бий, сайн оноо авсан ч бий.
ЭЕШ өгөөд сэтгэлзүйн дарамтад байгаа хүүхдүүд тийм зүйл хараад огших нь аргагүй. Ингэж буруу ойлголт төрүүлсэн хүмүүс л буруутай. Би энэ асуудал дээр нэг ч хүүхдийг буруутгахгүй.
Олон нийтэд буруу ойлголт төрүүлсэнд уучлаарай. Багшдаа итгээд материалаа хянуулахаар илгээсэн тэр хүүхдээс өөр групп чат руу зургийг нь явуулсандаа уучлалт хүсмээр байна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад хүч хөдөлмөрөө зарцуулсан 10 мянга гаруй алба хаагчийн хичээл зүтгэлийг үнэгүйдүүлэх зүйл хийсэнд уучлаарай.
Нэмж хэлэхэд, би одоо кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандана. Намайг бүр математикийн багш болгочихсон байна лээ. "Бямбаа багш" гэсэн хуурамч аккаунтууд гарч математикийн шалгалтын материалыг 230 мянгаар зарна гэж хүртэл бичиж байна лээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|