Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр авсан газартаа оффисын барилга бариулсныг АТГ-т шалгуулна гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн “Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэлээ.

Иргэн Б.Амгаланбаатар "Хүүхдийн парк бол Улаанбаатар хотыг анх төлөвлөхөөс эхлээд иргэдийн амралт, чөлөөт цагт зориулсан А зэрэглэлийн бүс байсаар ирсэн. Энэ газар 2005 онд нийслэлийн өмчит газар байсан. Тухайн үед Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн буюу паркад 358 мянган м.кв газрыг эдэлбэр газраар олгосон байдаг. Гэтэл 2015 онд 314 мянган м.кв болж багассан. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд 44 мянган м.кв газар албан тушаалтнууд болон хувийн хэвшлийн компанид өмчлөгдсөн. Үүний нэг жишээ бол “Шонхор таур”. Энэ газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байгаа талаар мэдээлэл хийж байна.

Энэ барилга бол Ардчилсан намын төв байр. Үүний эзэмшигч нь УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ.

Анх энэ газрыг 1998 онд байгуулагдсан “Төгс эрдэм сан” гэдэг ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжлийг дэмжих гэдэг зориулалтаар энэ газрыг 2010 онд авсан. Тухайн үед хотын дарга М.Энхболд, Газрын албаны дарга Ц.Сандуй байсан.

ТББ-ыг үүсгэн байгуулсан хүмүүсийн дунд С.Эрдэнийн гэр бүлийн хүн болох Н.Нинжбадгар, охин Э.Содгэрэл нар нь байна. Энэ ТББ-гаар дамжуулж 330 м.кв газрыг авсан. Ингээд “Шонхор таур”-ын барилгын ажлыг 2010 онд эхлүүлээд 2014 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, хаалга хийх хэрэгтэй гэдэг хүсэлт гаргаж, 2015 онд нийт газрын хэмжээгээ 601 м.кв болгож нэмүүлж авсан.

Эндээс С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаалаа ашиглаж энэхүү газрыг авсан гэдэг нь харагдаж байгаа юм.

Энэ барилга зөвхөн нэг гэр бүлийн орлого олох хэрэгсэл болсон тул зориулалтынх нь дагуу ашиглаач гэдэг шаардлагыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Хотын дарга үүнийг шийдэж, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хөгжих боломж олгосон газар болгоно гэж иргэн хүнийхээ хувьд найдаж байна.

Энэ барилгыг ашиглалт орсноос хойших долоон жилийн хугацаанд энэ байгууллагад орж гарсан төсөвт татварын шалгалт оруулна. Мөн бид С.Эрдэнийг улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашигласан гэдэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө. Бид ийм муу жишгийг таслан зогсоохын тулд энэ мэдээллийг нийслэлийн архиваас авсан” гэв.