Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замчны хүү

ikon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар татах хэсгийн ашиглалтын есдүгээр цувааны машинч Хэнмэдэхийн Мөнхтулга удам залгасан төмөр замчны хүү. Түүний аав тус депогийн засварын хүлээн авагч Ц.Хэнмэдэх. Эдний зургаан хүүхдийн отгон хүү нь Х.Мөнхтулга юм.

        - Манайхан төмөр замынхан шүү дээ. Аавын маань эцэг замын 1-р ангид замчин Цэрэн гэдэг хүн байсан. Уг нь би нийслэлийн 45 дугаар дунд сургуулийг төгсөөд ШУТИС-ийг төгсөж, цахилгаан системийн инженер мэргэжил эзэмшсэн л дээ. Одоо үүн дээрээ нэмээд илчит тэрэгний засварчин, машинч мэргэжилтэй гэж намтартаа бичдэг болсон шүү дээ хэмээн инээсээр бидний яриа эхэллээ.

         Тэр төмөр замын тосгоны хүүхэд. Өнөөдрийн энэ Богд-Ар хорооллын суурин дээр голын мөлгөр чулуутай сайр байсан юм. Энд Х.Мөнхтулга үеийн багачуудтайгаа хөл бөмбөг тоглож, вокзал дээр суудлын галт тэрэг тосож, ундааны шилний бөглөө цуглуулж, “арктай шар”-д орос ах нарын хоккей тоглохыг сонирхож, “удирдах”-ын цэцэрлэгээс мойл түүж идэж энэ тосгондоо “туйлж, тонгочиж” өссөн хүүхдүүдийн нэг. Хүүхэд насны унаган найз, тус депогийн засварын инженер Ч.Доржбаттайгаа өнөөг хүртэл хамт ажиллаж байгаа гэдэг. Түүнээс цахилгааны инженер хүн хэрхэн төмөр замд ирснийг сонирхвол:

Яагаад ч юм бэ, депогийн тосны үнэр сэтгэлд их ойр. Одоо ч тийм танил, тааламжтай ч гэх нь юу вэ, нэг л тийм сэтгэл татагддаг

         -Намайг 10 дугаар анги төгсөхөд аав, ээж минь “төмөр замчны мэргэжил амаргүй ээ. Хаана сурах, ямар мэргэжил сонгохоо өөрөө шийд” гэсэн. Би техникт сонирхолтой, сурлага ч сайн байсан болохоор сонголт үнэхээр миний талд байсан л даа. Ингээд ШУТИС-ийг сонгож сурсан. Гэхдээ санааны мухарт төмөр зам л бодогдох. Өссөн орчин гэж өөр шүү. Цаанаасаа төмөр замаа л гэх санаатай явсан. Яагаад ч юм бэ, депогийн тосны үнэр сэтгэлд их ойр. Одоо ч тийм танил, тааламжтай ч гэх нь юу вэ, нэг л тийм сэтгэл татагддаг юм. Багадаа  илчит тэрэгний бүхээгт аавынхаа өвөр дээр сууж явсан дурсамж хожим энэ мэргэжлийг сонгох сэдэл өгсөн юм уу даа. Оюутны 3-р курсээсээ ангийнхаа залуучуудтай хамтраад барилгын компаниудад очиж, цахилгааны угсралтын ажил хийдэг байлаа. Сургуулиа төгсөөд дөрвөн жил хэртэй хувийн хэвшлийн салбарт цахилгаанчнаас инженер, хүртэл ажилласан. Тэгээд л сэтгэлийн мухарт хадгалагдсаар ирсэн зүтгүүрийн деподоо хүрээд ирсэн хүн дээ гэлээ. Түүний аав ажил хөдөлмөрийнхээ эзэн нь болсон хүлээн авагч байсныг зүтгүүрийн аж ахуйн нэгэн үеийнхэн сайн мэднэ. Аавынх нь тухай “Ц.Хэнмэдэх гуайг мэдлэг нь гартаа орсон хүн гэх юм билээ” гэж яриа өдвөл:

       -Тийм шүү. Манай депогийн засварын хүлээн авагчаар олон жил ажилласан орос мэргэжилтнүүдийн саналаар аавыг хүлээн авагчаар тавьсан гэдэг юм. Анхны монгол хүлээн авагч шүү дээ. Манай аавтай хамт ажиллаж байсан, таньж мэддэг ах нарын яриаг сонсоод ааваараа маш их бахархдаг. Би одоо ч аавынхаа заавар зөвлөгөөг нь авсаар явна. Миний ээж бас л төмөр замчин хүн. Аавтай нэгэн үед төмөр замын техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Эрчим хүчний 2-р ангид нярав, нягтлангаар ажиллаж байгаад чөлөөндөө суусан. Аав, ээж хоёр минь нас өндөр болсон ч огт зүгээр суухгүй ээ. Бид хэдийн өдий зэрэгтэй яваа нь аав, ээж хоёрын минь л ач буян юм даа хэмээн тэднээрээ бахархсан сэтгэлээ уудаллаа. Өнгөрсөн жил тэрээр Улаанбаатар зүтгүүрийн депогийн ажил, мэргэжлийн аварга болсон. Зүтгүүрийн бригадынхан тэр дундаа машинч нарын ажлын амжилт өндөр. Бүтээл ч сайтай. Эдэн дундаас ялгарч, шалгарна гэдэг тийм амар даваа биш. Хувь хүнээс шаргуу, уйгагүй зүтгэлтэй хүн л зүтгүүрийнхнээс ялгардаг гэж хөдөлмөрийн баатар, гавьяатуудын ярихыг сонсож байлаа. Х.Мөнхтулгын хувьд зааварлагч З.Балдорж, ахлах машинч З.Мөнхбат, машинч Ц.Энхжаргал, Т.Амарбаатар, Н.Даваасүрэн нарын заавар, зөвлөгөөн, ажлын туршлагаас “хүртсэн” хүн. Энэ тухайгаа” мэдлэг, туршлага нь хосолсон манай депогийн мундаг машинч нараас би их юм сурсан. Одоо ч сурсаар л явна. Галт тэрэгний найрлагаа сайн мэдэрч, замын аястайгаа уялдуулан аль болох зүтгүүрийн түлш, тосыг хэмнэлттэй зарцуулах гэж хичээдэг. Өнгөрсөн жил 1783.5 цаг ажиллаж, 120 сая бохир тон км-ийн ажил хийсэн.189 удаа аялахдаа 35 тонн дизель түлш хэмнэсэн. Одоогоор туршлага гэх юм надад тун бага” гэж билээ. Түүнд ажлынхаа зэрэгцээ бас нэгэн хобби бий. Депогийнхоо “хувьсал” хамтлагийн гитарчин.

Өөрийн гэсэн гитартай болохын тулд гэрийн хана дүүрэн аквариумтай загасаа зарж билээ.

-Аавыг баянхуур, үеэл ахыг гитар тоглохыг харж, сонсдог байлаа. Өөрийн гэсэн гитартай болохын тулд гэрийн хана дүүрэн аквариумтай загасаа зарж билээ. Оюутан ШУТИС-ийн амьд хөгжмийн хамтлагт орж, оюутны баяраар цахилгаан гитартай тайзан дээр гардаг юм. Их, дээд сургуулиудын дунд зохиогддог олон уралдаанд манай хамтлаг дээгүүр байрт орж байсан даа. Харин “Хувьсал” хамтлагийн ахлагч Д.Буян-Өлзий ах намайг тоож хамтлагтаа авсан. Хүний амьдралд хөгжмийн мэдлэг, урлагийн мэдрэмж тодорхой түвшинд байх ёстой, тэгж байж амьдрал бүр гэрэлтэй гэгээтэй болдог гэж би боддог. Гоё дуунуудыг нот бүрээр нь задлан мэдэрч сонсоно гэдэг бол үнэхээр гайхалтай. Хамтлаг маань дуучин, туслах машинч Б.Баясгалан, дуучин, ахлах нарядчик Н.Батцэцэг, гитарчин, засварчин Б.Жавхлантөгс, гитарчин, машинч Б.Энхжаргал, бөмбөрчин Б.Батмагнай нарын үндсэн гишүүдээс гадна лимбэчин, морин хуурч Энхбаатар, морин хуурч Хатантөмөр, морин хуурч Энх-Амгаланбаатар нарын авьяаслаг залуус бий. Голдуу ашиглалтын цувааныхан хамтлагт маань ордог.

      Манай засварын хамт олноос бие дааж нэг хамтлаг гарвал дотоод өрсөлдөөндөө хөгжих боломж гарна гэж бид ярилцдаг юм. Цар тахлын гайгаар бид хоёр жил хөгжмөө дуугаргасангүй. Сайхан цаг удахгүй ирэхээр хөгжмөө бариад тайзан дээрээ гарна даа. Сонирхож, зүтгэсэн төмөр замдаа би 10 гаруй жил ажиллалаа. Ихэнх хугацаагаа замд өнгөрүүлдэг, үр хүүхэддээ зарцуулах цаг хомс. Арын бүхий л амьдралыг минь миний хань Ц.Ханджамц найдвартай дааж, хоёр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байна даа. Миний гэргий “MCS” ХХК-д ажилладаг хэмээн гэр бүлдээ итгэл, сэтгэл дүүрэн өрхийн тэргүүний яриагаар уулзалт маань өндөрлөсөн юм.

                                                                                                И.Наранчимэг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.