Улсын Онцгой комиссоос гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 9-18 дуустал бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн зуны дэлгэр цаг болж байгаатай холбоотойгоор иргэд ээлжийн амралтаа авч хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор УОК аймгууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, түүнийгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулан холбогдох шийдвэрүүдийг гаргууллаа. Өнөөдрийн байдлаар 20 аймагт нийт 30,299 халдварын тохиолдол бүртгэгдсэн.
13 аймгийн 101 суманд хязгаарлалтын хугацаа дуусаж байгааг сунгахгүй
Эмнэлэг болон тусгаарлах байранд 7,477 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Орон нутагт халдварын тархалт нэмэгдсэн, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд энэ сарын 9-н гэхэд 13 аймгийн 101 суманд хязгаарлалтын хугацаа дуусаж байна. Харин 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс УОК-оос хязгаарлалтын хугацаа нь дуусаж байгаа газруудад нэмэлтээр хязгаарлалт тогтоохгүй, хугацааг нь сунгахгүй байх чиглэлийг өгч байна.
Экспорт, импортын гол урсгал явдаг Өмнөговь, Дорноговь аймаг руу өмнөх тогтоосон журмын дагуу зорчино. Боомтын бүс нутагт хатуу хорионы дэглэм үйлчилнэ.
Улаанбаатар хот орчмын амралтын газар, жуулчны баазууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хариуцлагын гэрээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тийм учраас иргэдийг аль болон орон нутаг руу зорчихгүй хот орчимд амрахыг уриалж байна.
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр журмаар зохицуулж буй. Тодруулбал, вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс баримтаа үзүүлээд зорчино. Эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн шалган бүртгэх товчоодоор нэвтрүүлнэ. Үүн дээр нэг зүйл нэмэгдсэн. Хөдөө орон нутагт зорчиж байгаа өрхийн хүүхдүүүдээс шинжилгээ авна. Ингэхдээ нэг автомашинд зорчиж байгаа хүүхдүүдийн аль нэгээс нь/5-аас дээш насны/ түргэвчилсэн шинжилгээ авах юм.
Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч орон нутагт байгаа амралт, жуулчны газруудтай аймаг, сумын онцгой комисс хариуцлагын гэрээ байгуулна. Амралт, жуулчны газраар үйлчлүүлэх бол нэг өрхийн хэмжээнд аль болох хүний тоог 5-аас дээш хэтрүүлэхгүй байхаар зохицуулах бол найз нөхөд, хамт олны хүрээнд амрагчид 5-аас хэтрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Ингэхдээ өөр аяллын багтай холилдохгүй амралтаа зохицуулахыг зөвлөж байгаа.
Хөдөө орон нутагт явж байгаад эрүүл мэндийн хувьд асуудал үүсвэл эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Орон нутаг руу явж байгаа иргэд шатахуун, хүнс авах, техникийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тохиолдолд суурин газраар орно. Бусад тохиолдолд суурин газраар орохгүйгээр байгальд амрах нөхцөл боломжийг нээж байна" хэмээн хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!