Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын багц хууль: Ерөнхий боловсролын сургуулийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа ч Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Боловсролын индексээрээ 189 орноос 103 дугаарт, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дугаарт орж байна.

2018 оны “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээг илтгэж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгынхаа эхэнд дурдав. 

Боловсролын ерөнхий хуулийн төсөл нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд төслийг дагалдуулан 9 бүлэг, 30 зүйлтэй Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, 7 бүлэг, 33 зүйлтэй Дээд боловсролын тухай хуулийн төсөл,  5 бүлэг 24 зүйлтэй Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон эдгээр хуулийн төслийг дагалдуудан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

Боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, өөрийн улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан, боловсролын зорилгыг шинэчлэх, хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд шинээр буй болж буй өргөн боломж, түүний дотор технологийн дэвшлийг ашиглан боловсролыг эзэмших шинэ арга, хэлбэрийг уян хатан, эрчимтэй болгохын хамт сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, тогтвортой байх нөхцөлийг хангах, үнэлгээний тогтолцоог сайжруулах, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг чанаржуулах, сургуулийн хэв шинж, бүтэц, байршлыг оновчтой болгох эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай болсныг мөн дурдав. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сургалтын ахиц, амжилтын талаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний дүн зөрүүтэй, хот хөдөөгийн сургалтын чанар харилцан адилгүй байгаа нь сурлагын ахиц амжилтыг тодорхой давтамжтайгаар хөндлөнгөөс үнэлэх үнэлгээний тогтолцоог бүх шатны сургуульд нэвтрүүлэх шаардлагатай байгаагийн илрэл хэмээн үзсэн байна. Багшийн мэргэжил, ажиллах нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулах цогц механизм бүрдүүлэх замаар мэргэжлийн нэр хүнд, нийгмийн үнэлгээг дээшлүүлж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын үнэлгээ, цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулснаар нийгэм дэх нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш бэлтгэх үндэсний тогтолцоог бий болгох, чадваржуулах, сургалтын чанар, үнэлгээ, үр дүнг сайжруулах, чанартай багш бэлтгэх хэрэгцээ, шаардлагыг мөн дурдсан.

Боловсролын санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан, боловсролын чанар, гүйцэтгэл, үр дүнтэй уялдаа холбоогүй, нэг хүүхдийг сургаж буй бодит өртөг, зардал ялгаа ихтэй, сургалтын хөтөлбөр болон боловсролын стандартыг хангах, сургалтын байгууллага төсөв, санхүүжилтээ үр ашигтай захиран зарцуулах идэвх санаачилгыг урамшуулдаггүй зэрэг сул талууд бий гэдгийг мөн тэмдэглэж байсан.

Ерөнхий боловсролын сургуулийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой хувилбарыг тогтоох, сургалтын чанарт суурилсан багшийн цалин, урамшууллыг олгох нөхцөлтэйгөөр жил бүр төсөв, санхүүгийн шударга, зохистой дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ гэлээ.

Боловсролын зээлийн санг Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт элсэгчдэд их дээд сургууль, коллежийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр ахисан шатны суралцагчдын сурлагын амжилт, судалгааны ажлын чанартай уялдуулан шаардлага хангасан тохиолдолд сургалтын тэтгэлэг, тусламж, зээл олгох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны болон багшийн хөгжлийн дэмжих хэлбэрээр өөрчлөн зохион байгуулна. Дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц, засаглалын тогтолцоо, хөтөлбөрт тавигдах шаардлага, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хэрэгцээ бий. Шинжлэх ухаан, дээд боловсролын уялдааг өргөжүүлэх, судалгааны их сургууль болон шинжлэх ухааныг бэхжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.

Төсөл дэх зохицуулалтын үр дүнд дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц сайжирч, удирдах зөвлөлд ажил олгогч, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулснаар сургалт, судалгаа, үйлдвэрлэл, академик эрх чөлөө боловсролын чанарын баталгааны тогтолцоо сайжирна гэж үзсэн байна. Их, дээд сургуулийн засаглал, удирдлагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, ахисан түвшний сургалт, судалгаа олон улсын жишигт хүрэх боломж бүрдэх юм байна. Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалт нь байгууллагын сургалт, судалгааны гүйцэтгэл болон чанарын удирдлагыг сайжруулахад чиглэж, нээлттэй, оролцогч талуудыг бүрэн хамруулсан тасралтгүй үйл ажиллагаа бүхий тогтолцоог бүрдүүлнэ. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарсан байна. Боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг бие даалгах, удирдах албан тушаалд томилогдох хүмүүст тавих шалгуур мэргэшсэн, чадахуйн зарчмыг баримталж, эрх үүргийг нарийвчлан тусгасан байна.

Байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх, ухааны спортын байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Боловсролын байгууллагын удирдлага, засаглалын талаарх Н.Наранбаатар гишүүний асуултад салбарын сайд хариулт өгөхдөө, төслийн үндсэн зорилгуудын нэг нь боловсролын салбарын удирдлагын тогтолцоог оновчтой,  улс төрөөс хараат бус, мэрит зарчимд суурилсан байхаар өөрчлөх гэв. 2012-2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон, жилд дунджаар 112 сургуулийн захирал солигддог гэсэн тооцоолол гарчээ. Шинээр томилогдож буй нийт захирал, эрхлэгчийн 32 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь тав хүрэхгүй жил боловсролын жилд ажилласан гэх тодорхойлолттой. Аль нэг шатны боловсролын байгууллагын удирдлагаар 5-10 жил ажиллахаар хувийн эзэмшил мэт ханддаг жишиг байгааг өөрчилж, бүх шатны боловсролын байгууллагын удирдлагаар томилогдох шалгуурыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Орон нутагт багшлах боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төслөөр ямар зохицуулалт хийснийг лавласан гишүүний асуултад хариулахдаа “Төслийн реформын асуудал нь боловсролын байгууллагын санхүүжилтийн шинэчлэлт юм. Тодруулбал, багшийн урамшууллын нэмэлт санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан байдлаар нэмж тусгасан. Одоо хэрэгжиж буй хууль дахь орон нутагт ажилладаг багш нарын нэмэгдэл хэвээр, боловсролын байгууллагын нийт ажилтнуудын ээлжийн амралттай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Хүүхдийн тоо, бүлэг дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, боловсролын стандарт, багш ажилтны дундаж цалин хөлсөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны шууд зардлыг норматив зардалд тусгахаар төсөлд тусгасан” гэв.

Дээд боловсролын чанарыг сайжруулахтай холбоотой зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад хариулахдаа, Монгол Улс дахь дээд боловсролын нийт 88 байгууллагын үйл ажиллагааг чанаржуулахын тулд агуулгын хувьд томоохон өөрчлөлт хийсэн хэмээн ажлын хэсэг онцоллоо. Үүний тулд их, дээд сургуульд багшлах боловсон хүчнийг чанаржуулах, багш нарын эрдмийн зэрэг, олон улсын чанартай эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлсэн эсэх, оюутан, багш нарын харилцаа зэргийг чухал шалгуур болгосон гэв. Энэ шалгуураа их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангиллаар ялгасан гэлээ. Тухайлбал, их сургууль нь таваас доошгүй доктор, арван таваас доошгүй магистрын хөтөлбөртэй, үндсэн багшийн 50-иас доошгүй хувь нь докторын зэрэгтэй, багш нарын 60-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээний бүтээлтэй байх шаардлагуудыг тавьсан гэлээ. Ингэснээрээ боловсролын байгууллагууд зах зээлдээ хөтөлбөр, чанараараа өрсөлдөх нөхцөл бүрдэж, магадлан итгэмжлэл авахын тулд нэлээд өндөр шалгуурыг хангахаар болж байгаа гэв. Үүний нөлөөгөөр их, дээд сургуулиудын тоо буурах ч, чанар дээшилнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Их, дээд сургуулийн багш, судлаачдын судлагааны үйл ажиллагаанаас олсон орлогын тодорхой хувийг оюуны бүтээлээ эргэлтэд оруулах зорилгоор ашиглах зохицуулалтыг тусгаснаараа дэвшилт болсныг ажлын хэсэг тайлбарлаж байв. 

Аливаа ажлын үр дүн нэгжийн удирдлага, зохион байгуулалт, улс төрөөс хараат бус эсэх, санхүүжилт зэргээс шууд хамаардаг гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэлж байв. Тиймээс их, дээд сургуулийн удирдлагын томилгоо болон санхүүжилтийн шинэчлэлийн талаар тэрбээр онцолж тодрууллаа. Бүх шатны боловсролын байгууллагыг чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэлбэрт шилжүүлнэ гэв. Төслийн хүрээнд боловсролын байгууллагуудын санхүүжилтийн чиглэлээр дөрвөн шилжилт хийх юм байна. Нэн тэргүүнд бүх шатны сургууль хагас бие даасан тогтолцоонд шилжих, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоох, сургалтын чанарт суурилсан багшийн цалин урамшууллыг олгодог болно гэв. Сургуулийн бүх өмчийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, салбарын яамнаас хуваарилах биш, урсгал зардалд нь элэгдэл зардлыг нь суулгаж, ширээ сандал, лабораторийн төхөөрөмж, компьютеруудаа сургуулиуд өөрсдөө зохицуулж байх санхүүгийн эрх чөлөөг нь олгох нь зүйтэй гэж үзсний үндсэн дээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан хэмээн Л.Энх-Амгалан сайд хэллээ.

Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг өнөөдрийн хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайд томилж, чөлөөлдөг бол төсөлд их, дээд сургуулиуд корпорацийн зарчимд шилжиж, зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, санхүү, төлбөрийн хувьд нэлээн либеральчлагдах юм байна. Тиймээс их, дээд сургуулийн удирдлага, захирал нь ТУЗ-ийнхөө хурлаар, мэрит зарчмаар томилогдож, чөлөөлөгддөг болно гэв. Орчин цагийн их, дээд сургууль нь судалгаа хийж, мэргэжилтэн бэлтгэхээс илүүтэй мэдлэг бүтээж, инновацыг бий болгож, судалгаа хийх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаа нь чиглэдэг болсныг ажлын хэсэг тайлбарлаж байв. Энэ утгаар нь Монгол Улсад судалгааны их сургуулийг байгуулах замаар нөөцийг тарамдуулахгүй, зөв менежмент хийхэд төсөл дэх зохицуулалтууд хийсэн байна. Их сургуулийг хэв шинжийн хувьд судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд санхүү болон засаглалын хувьд бие даасан судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон гэв.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төсөлд боловсролын салбарыг улс төржилтөөс ангид байлгах зохицуулалтыг орхигдуулсан байна гэдэг байр суурийг илэрхийлж, тодорхой тайлбар, тоон мэдээлэл хэлж байлаа. Академик эрх чөлөө, чөлөөт зах зээлд бүдүүлгээр халдсан хэд хэдэн заалт төсөлд байгааг, мөн төрийн захиргааны байгууллагуудын алдааг хуулиар засах гэдэг хандлага гаргаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал шүүмжилж байсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дээд боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай болон боловсролын ерөнхий хуулийн төслүүдийг тус бүрд нь хэлэлцэх саналыг хэлж байв. Ерөнхийдөө мэдлэг, зарчим, хандлага дээр суурилсан зөв зарчимд суурилсан байгааг онцлоод, чадвартай, зөв хандлагатай, уламжлал, соёлоо мэддэг монгол хүүхдүүдийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Н.Алтанхуяг, Б.Баярсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын реформыг хийхээр талууд идэвхтэй хамтран ажилласан гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн төгсгөлд дурдав. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Энх-Амгалан томилогдсоноороо энэ ажлыг эрчимжүүлж, загварчлал гарган, эрдэмтэн судлаачдыг дайчилж, богино хугацаанд талуудын оролцоог бүрэн хангаж, чанартай ажилласнаар хуулийн сайн төслийг өргөн барьсан хэмээн хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Маш олон асуудал байгаа учраас бүх нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй. Боловсролын реформын хүрээнд зарчмын нэг асуудлыг тэмдэглэн онцолмоор байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал зууны эрин үед боловсролыг, тэр дундаа дээд боловсролыг бүх нийтийн болгох чиг хандлага хүчтэй өрнөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ “Дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн боловсрол болгох нь тус улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэж зарласан. Хамгийн либераль болох АНУ тэр чиглэл рүү явж байна. Европын бараг бүх улсын дээд боловсрол үнэ төлбөргүй. Энэ эрин зуунд дэлхийн өрсөлдөх чадвар боловсрол дээр тулгуурлаж байгаа. Нөгөө талаараа, боловсролд маш том дэвшил, боломжууд гарч байна.

Тийм учраас Монгол Улсын дээд боловсролын эхний хоёр жилийг бүх нийтийн болговол дунд сургуулийн ачаалал буурч, их дээд сургуулийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Дэлхий нийтийн хандлага энэ чигт өөрчлөгдөж байна, тэгш боломжийг нийгэмд ийн бүрдүүлсэх нь нэн чухал гэдгийг боловсрол судлалын тэргүүлэх эрдэмтэд томьёолоод эхэлсэн. Үүн дээр академик эрх чөлөө, бусад орчныг бүрдүүлвэл манай багш нар, суралцагчид өндөр амжилт гаргах бололцоотой. Ийм том, хөдөлгүүр болсон реформыг хийж чадвал энэ нь бүрэн эрхээ хэрэгжүүлж буй энэ удаагийн Улсын Их Хурлын түүхэн шийдвэр байх болно гэж бодож байна. Энэ чиглэлээр манай эрдэмтэн судлаачид анхаарч, нарийвчлан судалж оролцвол нэн сайн байна” гэлээ.

Мөн тэрбээр жижиг юм шиг атлаа нэн чухал, олон талын ач холбогдолтой саналуудыг гишүүд хэлж байгааг тэмдэглэж байв. Монгол хонины ноосыг боловсруулж, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байсныг тендэр нэрээр будилуулсаар одоо байхгүй болсон хэмээн шүүмжиллээ. “Маш олон жижиг асуудал энэхүү төслийн хүрээнд багтаж байна. “Чөтгөр детальд нуугдаж байдаг” гэдэг тул нэг бүрийг нь илрүүлж, шийдвэрлэхийн тулд зуны турш эрчимтэй бөгөөд идэвхтэй, цаг наргүй, завгүй ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна” хэмээн Г.Занданшатар дарга хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн байна.