Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх цахим хэлэлцүүлэг маргааш болно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Монголын хуульчдын холбоо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан бөгөөд төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгагдсан. 

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулах бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, захиргааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, хуульч, өмгөөлөгчид оролцоно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/11138 холбоосоор танилцана уу.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.