Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Япон улсаас орогнол хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцсон Мьянмарын үндэсний шигшээ багийн хаалгач Япон улсаас улс төрийн орогнол хүсжээ.

Тэрбээр Японы шигшээ багтай хийсэн тэмцээнд оролцохдоо Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн гурван хуруут ёсолгоог хийж үзүүлсэн юм.

27 настай Пия Лиан Аунг эх орондоо буцах нь амь насанд эрсдэлтэй болсон тул Япон улсад үлдэхээр шийдсэнээ өчигдөр Кансай нисэх буудалд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Мьянмар улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний шөнө цэргийн эргэлт гарч, иргэний засгийн газрын удирдагчыг баривчилж, хорьсон юм. Тэр үеэс хойш Лхагва гарагийн байдлаар цэргийнхний гарт 865 энгийн иргэн алагдаж, 4,900 гаруй хүн баривчлагджээ.

Хаалгач Пия Лиан Аунгийн хувьд тавдугаар сарын 28-нд эхэлсэн тэмцээнүүдэд сэлгээний тоглогчоор Японд ирсэн бөгөөд Лхагва гарагийн шөнө багийнхантайгаа цуг нутаг буцах ёстой байсан юм.

Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Кацүнобу Като өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа тамирчны хүсэлтийг сонсож, зохих хариуг өгөх тухай мэдэгджээ.

Тэмцээн эхлэхийн өмнө Мьянмарын төрийн дуулал эгшиглэх үед Пия Лиан Аунг баруун гараа өргөж, гурван хуруугаа гозойлгон ёсолсон юм байна. Энэ нь Мьянмарт цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн бэлгэдэл болдог ёсолгоо юм.

Хаалгачийн энэ үйлдлийн дүрс бичлэг Мьянмарын сошиал ертөнцөд хүчтэй тарсан байна. Энэхүү үйл явдлын дараа Мьянмар дахь гэрт нь цэргийнхэн очсон тухай тамирчин яриад бусад тоглогчид болон тэдний гэр бүлийнхэнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр эх оронд нь төр солигдож, иргэний засгийн газарт эрх мэдэл шилжих хүртэл Япон улсад орогнох хүсэлтэйгээ ярьсан байна.

Цэргийн эргэлт гарсантай холбоотойгоор Япон улсын засгийн газар тус улсад үлдэх сонирхолтой Мьянмарын иргэдийн визийг сунгах онцгой арга хэмжээ авахаар болсон юм. 

Япон улс нь Мьянмарын хамгийн том донор бөгөөд урт хугацааны хамтын ажиллагааны түүхтэй. Цэргийн эргэлтийн дараа тус улс Мьянмарт үзүүлэх шинэ тусламжуудаа царцааж, энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл үргэлжилсээр байвал одоо хэрэгжиж буй төслүүдээ зогсоох тухай анхааруулж байв.

Мьянмарын хөлбөмбөгийн шигшээ баг цэргийн эргэлт гарснаас хойших анхны олон улсын тэмцээндээ оролцсон нь энэ юм. Тэд тавдугаар сарын 28-нд Японы шигшээ багтай, дараа нь Киргизстан, Тажикистаны шигшээ багуудтай тоглосон байна.

 

Эх сурвалж: AFP