Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 17-ны байдлаар Их Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23см-ээр даван үерлэсэн хэвээр байна.
Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэсэн бол Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Иргэддээ анхааруулахад, голын ус, тогтоол усанд орохгүй байх.
Ялангуяа халуун, дулааны өдрүүдэд гол дагуу амарч, зугаалах үедээ бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд битгий ороорой.
Гэр орон, хашаа байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах, орон сууцны хороолол дахь сууц өмчлөгчдийн холбоонууд ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.
Мэдээж Нийслэлийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дуудлага мэдээллийн дагуу очиж ажиллана" гэв.
ОБЕГ-аас: