Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Манай улс оны эхний таван сард 6.7 тэрбум ширхэг зүү, тариур импортолжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бараа нийлүүлэх олон улсын сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангахад гаалийн байгууллага болон бизнесийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилгоор “Гааль-Бизнесийн түншлэл 2021” цахим форумыг ГЕГ-аас зохион байгуулж байна.

Тус форумын үеэр эм, эмийн хэрэгслийн хэрэгслийн импортын нөхцөл байдлын талаар ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Л.Амартүвшин танилцууллаа.

Эм, эмийн хэрэгсэл нь Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тусгай зөвшөөрөл, лицензтэйгээр улсын хилээр нэвтрүүлдэг бараа.

"Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3-т заасны дагуу тарифын бус хязгаарлалтад хамаарах эм, эмийн хэрэгсэлд шаардагдах зөвшөөрөл, лицензийг гаргуулан авч, улсын хилээр нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай, аж, ахуй нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулж байна" гэдгийг тэрбээр хэллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт жирийн үеэс нэлээд хэмжээгээр өсжээ. Тухайлбал:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат - 2020 онд 2.14 сая ам.долларын үнэ бүхий 1 сая ширхэг, 2021 оны эхний таван сард 295.6 сая ам.долларын үнэ бүхий 394,500 ширхэг 
  • Эмнэлгийн хэрэгсэл зүү, тариур - 2020 онд 769.2 сая ам.долларын 3.7 тэрбум ширхэг, 2021 оны эхний таван сард 279.5 сая ам.долларын 6.7 тэрбум ширхэг 
  • Зүү тариураас бусад эмнэлгийн хэрэгсэл - 2020 онд 6.6 тэр бум ам.долларын 7.6 тэрбум ширхэг, 2021 оны эхний таван сард 3 тэрбум ам.долларын 2.5 тэрбум ширхэг 
  • Эм - 2020 онд 24.5 тэрбум ам.долларын 893.6 мянган тн, 2021 оны эхнийн таван сард 11.5 тэрбум ам.долларын 312,000 тонныг тус тус импортлосон байна.

Коронавирусийн эсрэг вакцины импорт

Мөн 2021 оны эхний таван сарын байдлаар

  • АстраЗенека вакцин - 262,800
  • Синофармын вакцин - 4.3 сая
  • Спутник - 60,000
  • Файзер - 126,400 тун вакцин тус тус импортолсон.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 2020-2021 оны эхний таван сарын байдлаар 24,661 ширхэг, 1.2 тэрбум ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат, 116.8 сая ширхэг, 16.4 сая ам.долларын эмнэлгийн хэрэгсэл, зүү тариур, 109.9 сая ширхэг, 2.9 тэрбум ам.долларын зүү тариураас бусад эмнэлгийн хэрэгсэл, 6118 мянган кг, 1.3 тэрбум ам.долларын үнэ бүхий эм тус тус татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна.

Гаалийн байгууллага холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд эм, эмийн хэрэгсэлд тавих гаалийн хяналт, шалгалтын ажлыг иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулахгүйгээр түргэвчилсэн бүрдүүлэлт хийн улсын хилээр нэвтрүүлж ажиллаж байгаа аж. Үүнд гаалийн автоматжуулсан мэдээллийн нэгдсэн КАИС систем нь ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгслийн цахим нэгдсэн бүртгэлийн систем licemed.mohs.mn-ийн импортын лицензийн программтай бүрэн холбогдсон нь чухал ач холбогдолтой байна.

Зарим ААН, байгууллага, ялангуяа иргэд БАД буюу биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хууль, тогтоомж мэдэхгүйгээсээ болж улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр оруулж ирэх хандлага гарч байна. Иймээс БАД буюу биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийг импортлохдоо ЭМЯ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодорхой мэдээлэл авсны үндсэн дээр оруулж ирэхийг зөвлөж байна.

Өнөөдрийн “Гааль-Бизнесийн түншлэл 2021” цахим форумаар Гаалийн байгууллага, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон ААН, иргэд хамрагдаж төр-хувийн хэвшлийн түншлэл, харилцан ойлголцол, гадаад худалдааг улам бүр хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох талаар ярилцаж, зөвлөлдөж, санал бодлоо солилцож байна.