Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

У.Эрхэмбаяр: Иргэд 119 дугаар руу залгаад холбогдож чадаагүй тохиолдолд буцааж залган заавал хариу өгнө

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Коронавируст халдвараар өвчилсөн эсвэл ойрын хавьтал болсон тохиолдолд 119 дуудлагын төвд хандан зөвлөмж, зөвлөгөө авах боломжтой.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны 119 дуудлагын төвийн зохицуулагч У.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “НЭМҮТ-өөс 119 дуудлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан ажиллаж байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд 30 оператор, НЭМҮТ-д мөн 30 гээд нийт 60 шугамаар иргэдэд коронавируст халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийт 600 орчим дуудлагад хариу өгчээ. Өчигдөр л гэхэд нийтдээ 3,000 гаруй иргэнээс  дуудлага ирсэн.

Өөрөөр хэлбэл, 119 төвийн нэг ажилтан өдөрт 50 орчим дуудлагад хариулж, зөвлөмж зөвлөгөө өгдөг.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол улам нэмэгдэж буй. Тэр хэрээр нэг хүнтэй холбогдож зөвлөгөө өгөх хугацаа уртсаж байна.

Бид нэг хүнд бүрэн зөвлөмж зөвлөгөө өгөхөд 3-8 минутын хугацаа зарцуулж байгаа гэсэн үг.

Тэр хэрээр дуудлага хүлээгдэх асуудал гарч буй. Гэхдээ бид хүн хүчээ нэмэгдүүлж, 60 ажилтан гурван ээлжээр ажиллаж байгаа. Ингэснээр нийт дуудлагын 85-90 хувийг хүлээж авах чадамжтай болсон.

Өөрөөр хэлбэл, 119 дуудлагын төв рүү залгасан 10 хүн тутмын есөд нь бид хариу үйлчилгээ үзүүлж чадахаар болсон. Харин үлдсэн нэг хүний хувьд тухайн үед холбогдож чадаагүй ч дугаар нь тэмдэглэгдэж үлдсэн тул эргүүлэн залгаж, зөвлөгөө өгч байгаа” гэв.

Түүнчлэн “Утсаар холбогдож буй иргэдэд шинж тэмдэг илүү илэрч, эмнэлгийн тусламж шаардлагатай гэж үзвэл тухайн дүүргийнх нь Шуурхай штаб, тандалт хариу арга хэмжээний баг, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад холбож, чиглүүлж өгдөг бөгөөд эргээд тухайн иргэнээ хүссэн тусламж үйлчилгээгээ авч чадсан эсэхэд хяналт тавьдаг” гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/507900210542740