Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

FACTCHECK: Хараалын үг хэлсэн, бичсэн иргэнийг 150 мянгаас 5 сая төгрөгөөр торгоно – ХУДАЛ

ikon.mn
2021 оны 6 сарын 16
iKon.MN

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150,000-5,000,000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан.

 

Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ.

Бид энэхүү мэдээллийг FactCheck.mn нягталсныг хүргэж байна.

Factcheck: ХУДАЛ

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn сайтад 1996 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр баталсан Соёлын тухай хууль байгаа юм. Энэ хуульд хараалын үг хэрэглэсэн тохиолдолд торгох заалт байхгүй.

Харин 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх товтой. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлаагүй байгаа юм.

Мөн шинэчилсэн найруулгад хараалын үг хэллэгтэй холбоотой заалт байхгүй байна.

Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэхэд чиглүүлэд чиглэсэн болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.

Иймд дээрх мэдээлэл худал байна.

 
 
 

 

 

Эх сурвалж: legalinfo.mn, parliament.mn

Эх сурвалж: FactCheck.mn