Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

NATO анх удаа Хятад улсыг гол өрсөлдөгчөөрөө зарлав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Умард Атлантын цэргийн эвсэл буюу NATO-гийн гишүүн орнуудын удирдагчид Даваа гарагт Брюссель хотод чууллаа.

Энэ удаагийн чуулганаас гаргасан хамтарсан мэдэгдэлд NATO түүхэндээ анх удаа Хятад улсыг гол өрсөлдөгчөөрөө зарлажээ. 1949 онд Зөвлөлт Холбоот Улсын эсрэг эвлэлдэн нэгдсэн тус байгууллага өнөөдрийг хүртэл зөвхөн Зөвлөлт болон түүний залгамжлагч Орос улсыг аюулгүй байдлын гол өрсөлдөгчөө гэж үздэг байв. Харин Хятад улсын тухай бараг дурдаж байгаагүй юм.

Гишүүн 30 улсын төрийн тэргүүнүүдийн гарын үсэг зурсан мэдэгдэлд Хятад улсын “амбицтай, түрэмгий байр суурь нь олон улсын дэг журамд томоохон сорилт болж байна” гэж өгүүлжээ.

Мөн Бээжингийн эрх баригчдын Шинжаан Уйгарт явуулж буй бодлого, цөмийн зэвсгээ өргөжүүлэх алхам, мэдээллийн хаалттай байдалд санаа зовж байгаагаа хамтарсан мэдэгдэлд илэрхийлсэн байна.

АНУ-ын санаачилгаар ийнхүү Хятад улсын талаар хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Харин NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг Хятад улсыг шууд дайсагнагч хүч биш гэж тодорхойлоод тус улсын хүчирхэгжилтээс үүдэлтэй учирч байгаа сорилтуудын эсрэг шинэ стратеги боловсруулах шаардлагатайг хэлсэн байна.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн уг асуудалд тэнцвэртэй хандахын чухлыг онцлохдоо “Хятадын талаар ярихад өнөөдөр энд суугаа хэн ч шинэ хүйтэн дайныг эхлүүлэх хүсэлгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

NATO-гийн энэ удаагийн чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анх удаа оролцож байна. Түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп NATO-гоос гарахаар сүрдүүлж, Европын уламжлалт түншүүдтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэж байв.

Тэгвэл Байден олон улсын тавцанд АНУ эргэж ирснийг зарлаж, холбоотнуудынхаа итгэлийг сэргээх алхмыг хийсэн байна.

Столтенбэргтэй уулзахдаа Байден “NATO бол АНУ-ын ашиг сонирхолд маш чухал байгууллага” гээд гишүүн орнууд харилцан нэгнээ хамгаалах нь “ариун үүрэг” гэж онцолжээ.

Чуулганаар яригдсан нэг чухал сэдэв нь Украин улсын гишүүнчлэлийн асуудал байв.

Жо Байден хэлэхдээ “Украин улсыг NATO-д элсүүлэхэд Крымийн хойгийг ОХУ эзлэн түрэмгийлсэн явдал саад болоогүй. Харин тус улсын авлигын нөхцөл байдал саад болж байна” гэж мэдэгджээ.

“Гишүүн орны шаардлага стандартыг хангах эсэхээс бүх зүйл хамаарна. Украин улсад авлигаасаа салах шаардлага бий” гэж Байден хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian