Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Чехийн довтлогч Евро 2020-ын шилдэг гоолыг хийлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Евро 2020 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолт Даваа гарагт Шотланд, Чехийн үндэсний шигшээ багуудын хооронд өрнөж, Чехийн  баг 2:0 харьцаагаар талбайн эзэн багийг яллаа.

Уг тоглолтын хоёр гоолыг хоёуланг нь Чехийн 25 настай довтлогч Патрик Шик хийсэн юм. Тэрбээр эхний үеийг дуусахын өмнөхөн эхний гоолоо хийсэн бол хоёрдугаар үе эхлээд 10 минут болоогүй байхад хоёр дахь гайхалтай гоё гоолоо хийжээ.

Хоёр дахь гоолыг нь энэ Евро 2020 тэмцээний өнөөдрийг хүртлэх хамгийн шилдэг гоол гэж хэлэхэд болно.

Бараг талбайн төвийн шугамнаас буюу 45 метрийн зайнаас хөөргөж өшиглөсөн Шикийн бөмбөг Шотландын хаалганд шууд орсон юм.

Ийм хол зайнаас довтолгоо ирнэ гэж төсөөлөөгүй, хаалганаасаа нэлээд хол зогсож байсан эсрэг багийн хаалгач Дэвид Маршалл хэчнээн хурдалсан ч бөмбөгийг зогсоож чадаагүй байна.

Энэхүү гайхалтай гоолыг 1980 оноос хойших Европын болон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хамгийн холоос хийсэн гоол гэж мэргэжилтнүүд үнэлжээ.

Глазго хотын Хамден Парк цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 12,000 орчим хөгжөөн дэмжигч уг гоолыг хараад цочролд орж, хэсэг хугацаанд нам гүм болсон юм.

23 жил хүлээсний эцэст тив, дэлхийн томоохон тэмцээнд оролцож байгаа Шотландын шигшээ баг одоо хүнд байдалд ороод байна. Тус баг D группын хамгийн сүүлд жагсаж байгаа бөгөөд Баасан гарагт хэцүү өрсөлдөгч Английг заавал ялж байж, тэмцээнээ үргэлжлүүлэх болжээ.

D группыг тэргүүлж байгаа Чехийн шигшээ баг дараагийн ээлжинд Хорватын шигшээтэй учрах юм.

 

Эх сурвалж: CNN