Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц,  дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр тунд хамрагдалт 91 хувь, хоёрдугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна.

ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөгийн судалгааг хийжээ.

Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоосон байна. Халдвараас нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ.

Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.

Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэж, хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг Шадар сайд хяналтын байгууллагуудад өглөө.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Шадар сайд С.АмарсайханЗасгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна" гэв.