Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” төслийн оролцогчдын бүртгэл эхэлжээ

ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN

“Уран бүтээлчдийн манлайлал” төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ.

Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Швейцарийн хооронд төдийгүй бүс нутгийн болон хөрш орнуудын хоорондох соёлын солилцоог бэхжүүлэх, мөн хөдөө орон нутагт урлаг соёлыг хөгжүүлэхэд  чиглэсэн шинэлэг санаачлага, ялангуяа орон нутгийн урлаг соёлын байгууллагууд, уран бүтээлчидийн дунд зарласан төслийн шалгаруулалтад IWFCI Mongolia [Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо] , Монголын Урлагийн Зөвлөл [МУЗ] нар хамтарсан төслөөр оролцож шилдгээр шалгаран, төсөл хэрэгжиж эхэлжээ.

 

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р бага хурлаар 1995 онд зарласан “Бээжингийн Тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан "Би тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч"  аяныг буухиалж, IWFCI Mongolia, МУЗ хамтран “БИ ТЭГШ ОРОЛЦООТ НИЙГМИЙГ ЭРМЭЛЗЭГЧ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ” уриан дор  ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ медиа уран бүтээлчдийг чадавхжуулах, уран бүтээлээр дамжуулан хүний эрхийг хамгаалах, хүндлэх, таниулах зорилготой төслийг санаачлан Швейцарын хөгжлийн агентлаг болон Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 оны 6-9 дүгээр сарыг хүртэл зохион байгуулах гэж байна. 

ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” төслийн зорилго:

Энэ удаагийн төслийн зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох медиа урлагаар дамжуулан уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, хүний эрхийн мэдрэмжтэй контент бүтээх, уран бүтээлчдийн манлайллын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг дээшлүүлэхэд оршино. 

Уран бүтээлчид өөрийн бүтээл, дуу хоолойгоор нийгэмд нэн тулгамдсан асуудалд олны анхаарлыг хандуулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх замаар нийгэмд хэрэгцээтэй агуулгыг бүтээх явдлыг уран бүтээлчдийн манлайлал хэмээн нэрлэж, энэ төрлийн олон сайн жишээг дурьдаж, цаашид хөгжүүлэх, өргөжүүлэх боломжтой гэж бид үзэж байна. 

Төслийн үе шатууд:

  • Төслийг хэд хэдэн үе шаттайгаар улс орны тухайн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Эхний үе шатанд  контент үйлдвэрлэгч, медиа уран бүтээлийн эксперт, хүний эрх, жендэр судлаач, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн багтай хамтран таван удаагийн 10 цуврал уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг 2021 оны зургаадугаар сарын 24-өөс долдугаар сарын 2-ны хооронд танхимын болон цахим  хэлбэрээр зохион байгуулна. 
    Сургалтууд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагдах ба сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан бүх сургалт дохионы хэлмэрчтэй зохион байгуулагдах болно. Төслийг “Уран бүтээлчдийн манлайлал” сэдэвт хэлэлцүүлгээр 2021 оны зургаадугаар сарын 24-нд нээхээр төлөвлөжээ. 
     
  • Дараагийн үе шат буюу “ЗҮҮМ” медиа, видео бүтээлийн уралдааныг 2021 оны долдугаар сарын 2-22-ны хооронд зарлана. Тус уралдаанд сургалтанд хамрагдсан уран бүтээлчид багаараа эсвэл бие даан дээд тал нь гурван минутын видео бүтээлээр оролцох юм.  
Уралдааны бүтээлүүдийг цахим орчинд танилцуулан сурталчилах бөгөөд шалгарсан шилдэг 3 байр болон үзэгчдийн нэрэмжит шагнал бүхий таван байрын эздэд нийт 7,300,000 (долоон сая гурван зуун мянга) төгрөгийн шагналын сан бүрдүүлээд байна. 

Түүнчлэн уралдааны бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг сонгон шалгаруулж, “#ЗҮҮМ: УРАН БҮТЭЭЛЧДИЙН МАНЛАЙЛАЛ” нээлттэй үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд танилцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулна.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Чадавхжуулах сургалтад цахимаар оролцоод, нийт 7,300,000 (долоон сая гурван зуун мянган) төгрөгийн шагналын сантай уралдаанд хүйс хамаарахгүй, 18-с дээш насны бүх хүн оролцох боломжтой.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/sT88iuKgtFkUan9T9

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 80880076, 89079887, 99104168 info@iwfci.mn, redger@artscouncil.mn