Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүдийг вакцинд хамруулах хүсэлт ЭМЯ-нд ирсээр байгаа тул 12-15 насныхныг дархлаажуулах боломжийг судалж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Сүүлийн үед коронавируст халдвараар хүүхдүүд их өвчлөх болсон тухай ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавируст халдвараар өвчилсөн 0-18 насны хүүхдүүдийн тоо нийт батлагдсан тохиолдлын 22.8 хувийг дангаараа эзэлж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх өдрөөс нэмж 316 хүүхэд халдвар авсан гэсэн үг.

Халдвар авсан хүүхдүүдийн 88 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн хувь нь хөдөө орон нутагт тус тус бүртгэгджээ. Түүнээс гадна 24 хүүхэд гаднаас халдвар авсан хойноо эх орондоо ирсэн буюу гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол болж бүртгэгдсэн байна.

Хүүхдүүдийн хувьд, одоогоор хичээл, сургууль нь орохгүй байгаа тул гэрийнхнээсээ халдвар авах нь элбэг байгаа юм. Мөн бүжгийн дугуйлан зэрэгт явж буй хүүхдүүдийн зарим нь халдвар авч байна.

Бид хүүхдүүдийн халдвараас сэргийлэхийн тулд нэн түрүүнд гэрээс нь гаргахгүй, гаргасан тохиолдолд аль болох эцэг, эхийн хараа хяналт дор халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, гаднын хүмүүстэй уулзуулахгүй байх шаардлагатай.

Хүүхдүүдийн дунд халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор бид 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Мөн бусад насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах хүсэлт, санал иргэдээс Эрүүл мэндийн яаманд ирсээр байгаа тул 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа.

Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн иргэдэд хандаж хэлэхэд халдвар авсан нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсье. Халдвар авсан хүний оронд өөрийгөө тавьж бодож, асуудалд хандах хэрэгтэй. Коронавируст халдвар бол агаар дуслын замаар халдварладаг амьсгалын замын халдварт өвчин тул хэн ч тусаж болно" хэмээн ярив.

ВИДЕО: