Манай улсын дотоодын үйлдвэрлэгчид жилд ойролцоогоор 70 мянга орчим тонн арматур үйлдвэрлэж, 140-150 мянган тонныг нь гаднаас импортоор авч байна гэж Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлсэн.
100 хувь дотоодын түүхий эдийг ашиглаж, үйлдвэрлэлээ явуулах төдийгүй ингэснээр Монгол Улс анх удаа төмрийн хүдэр буюу уулын чулуулгаас барилгын арматур үйлдвэрлэх ажээ.
Түүнчлэн салбарын мэргэжилтнүүд “Ойрын 2-3 жилд барилгын салбарын бүтээн байгуулалтад 200-300 мянган тонн арматур шаардлагатай” гэж дүгнэж байгаа юм.
Тиймээс арматурын үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага гарч байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байна.
Тэгвэл энэ хүрээнд “Бэрэн групп” компани 100 мянган тонн арматур болон ган, төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Эрдэнэт хотод барихаар төлөвлөж байна.
Тодруулбал, энэхүү төслийн барилгын ажлыг ирэх оны хавраас эхлүүлэх бөгөөд 2015 он гэхэд эхний бүтээгдэхүүнээ гаргаж авах зорилт тавьж буй аж. Харин тус төсөлд нийт 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж “Бэрэн групп" компанийн Бизнес хөгжлийн хөрөнгө оруулалтын газрын захирал Ц.Батболд Блумбергт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Энэ талаар туүнээс тодруулахад, “Санхүүжилтийн хувьд Барилга хот байгуулалтын яам болон Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам зэрэг бусад холбогдох байгууллагуудаас дэмжлэг авч ажиллаж байгаа.
“Чингис бонд”-оос тодорхой хэмжээний хөрөнгийг төсөлд зарцуулна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч бусад эх үүсвэрээс санхүүжилт авах боломжийг судалж байна. Үйлдвэрийн гол онцлог нь 100 хувь дотоодын түүхий эдийг ашиглаж, үйлдвэрлэлээ явуулах төдийгүй ингэснээр Монгол Улс анх удаа төмрийн хүдэр буюу уулын чулуулгаас барилгын арматур үйлдвэрлэх ажээ.
Үүнээс гадна тус үйлдвэрийг Японы компани барьж, гүйцэтгэх бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ” гэсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!