Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Билгүүнзул сан"-гийн хамт олон ХАЙРЦАГ ДҮҮРЭН ХАЙР түгээлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өнөөдөр тохиож байна.

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэхүү баярыг тохиолдуулан "Б.Билгүүнзул сан"-гийн хамт олон ХАЙРЦАГ ДҮҮРЭН ХАЙР түгээлээ. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 250 хүүхдэд тус сангийн хамт олон сэтгэлээ шингээж бэлдсэн бэлгээ өгч байгаа юм.

"Б.Билгүүнзул сан" нь 2020 онд байгуулагдан хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүрээллээ өргөжүүлэхийн тулд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд "Хайрцаг дүүрэн хайр" түгээж буй нь баяр дээр нь баяр нэмснээс гадна "Б.Билгүүнзул сан" болон Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны эхлэл болж буйгаараа онцлогтой юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Б.Билгүүнзул сан"-гийн тэргүүн Ц.Мөнхтүвшин "Үеэл дүү Б.Билгүүнзул маань хүүхдэд маш хайртай хүн байв. Түүнийхээ дурсгалыг хүндэтгэх, хүүхдийн хөгжил, хамгааллын төлөөх үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр нэрэмжит санг нь байгуулан ажиллаж байна. Бид "Зул" хөтөлбөрийг санаачлан Баянхошуунд хүүхэд хөгжлийн хамгаалал, хөгжлийн төвийг байгуулж байгаа. Энэ төвд хүүхдүүдэд зориулсан гар урлал, мужааны, мэдээллийн технологийн чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, хүүхдүүд болон гэр бүлийнхнийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зөвлөгөө тусламж үзүүлж байх юм. 

Мөн урлаг соёлын алдартнуудаар дамжуулан хүүхдүүдэд урам зориг өгөхөөр төлөвлөж байна. Манай сангийн хамт олон өөрсдийн нөөц боломжид тулгуурлан, Дэлхийн Зөн хэмээх туршлагатай байгууллагатай хамтран олон хүүхдийн оюун санаанд гэрэл асааж чадна гэж бодож байна.

Сангийн үйл ажиллагаа нь үеэл дүүгийн минь ээж Д.Оюунцэцэг болон хамтран ажиллагч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тогтвортой үргэлжилж байгаа" хэмээв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Баянзүрх дүүргийн хөтөлбөрийн менежер Ц.Цэнгэлбаяр "Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь Монгол Улсад 25 жилийн туршид хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 18 аймаг, есөн дүүргийн хэмжээнд иргэд, хүүхдүүдийг чадавхжуулах, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Хүүхдийн баярыг тохиолдуулан "Б.Билгүүнзул сан"-гийнхан бэлэг бэлдсэнд баяртай байна. Энэ бол хүүхдүүдийн зүрх сэтгэлд баяр хөөр авчирсан сайхан үйл явдал болж байна. Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа эхэлж байгаа нь талархууштай. Цаашид бид хамтарч хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахын боломжуудын талаар ярилцлаа" гэсэн юм.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.