Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани “шинэ үеийн Windows”-ийг удахгүй танилцуулна гэв

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компани тун удахгүй алдарт Windows үйлдлийн системийнхээ цоо шинэ хувилбарыг зарлах гэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла өчигдөр мэдэгджээ.

“Тун удахгүй бид Windows үйлдлийн системдээ сүүлийн арван жилийн хугацааны хамгийн том шинэчлэлтийг хийснээ танилцуулах болно. Би сүүлийн хэдэн сарын турш уг системийг туршиж байгаа бөгөөд шинэ үеийн Windows-ийн талаар маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Windows-ийн хөгжүүлэгч бүрт аппликэйшнээ бүтээх, түгээх, орлого олох хамгийн өргөн боломж, нээлттэй, дэвшилтэт платформ санал болгож чадахаа бид амлаж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Эндээс харвал шинэ үеийн Windows нь зөвхөн косметик өөрчлөлт (UI change) авчраад зогсохгүй шинэ аппликэйшн дэлгүүр, шинэ хүчирхэг экосистем бүхий үйлдлийн систем болох төлөвтэй байна.

Сатья Наделла хэлсэн үгэндээ “next generation of Windows” гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Одоогоор дэлхийн хамгийн түгээмэл PC үйлдлийн системийн “Windows 10” хувилбар зах зээлд ашиглагдаж байгаа.

Майкрософт хос дэлгэцтэй төхөөрөмжүүдэд зориулсан Windows 10X дэд хувилбар гаргах гэж байснаа саяхан цуцалж, оронд нь Windows 10-ын хялбаршуулсан хувилбарыг гаргах болсноо зарлаж байв.

Эх сурвалж: The Verge