Гадаад ид хүйтэн байгаа энэ үед автобусны буудал дээр байршуулсан зарим дулаан зогсоол цоожтойг иргэд шүүмжилж буй.
Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд автобусны буудлууд дээр 67 орчим дулаан зогсоол байдаг.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт автобусны 24 дулаан зогсоол байгаа бол үүнээс 19 нь хэвийн ажиллаж, таван зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүрэгт автобусны 12 дулаан зогсоол байдаг бөгөөд долоо нь хэвийн ажиллаж байна. Таван зогсоолын эд хогшил хулгайд алдагдсан, зорчигчид цонх, шилийг нь хагалсны улмаас түр хаасан. Өнөөдөр хоёр зогсоолыг засаж, нээсэн байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд зургаан дулаан зогсоолтойгоос гурав нь хэвийн, хаалттай зогсоолуудыг засаж дууссан. Өнөөдөр нээнэ.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 3, 4 дүгээр хорооллын Өргөө кино театрын урд талын автобусны буудлын дулаан зогсоолыг Улсын комисст хүлээлгэж өгсөн, өнөөдөр нээнэ" гэж мэдээллээ.
Тендерийн мэдээллээс шүүхэд нийтийн тээврийн автобусны буудал дээр дулаан зогсоол байгуулахад нийслэлийн төсвөөс 100 орчим сая төгрөгийг зарцуулдаг байна.
Харин 2023 онд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн автобусны буудал дээр хувийн хэвшлийн хөрөнгөөр байршуулсан дулаан зогсоол байхгүй болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!