Уншиж байна ...

ФОТО: "Теранга арслангууд" Африкийн цомд хоёр дахиа түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Марокко Улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд нээлтээ хийсэн Африкийн цомын эзнийг тодруулах 35 дахь удаагийн тэмцээн Сенегалын ялалтаар өндөрлөлөө.

Хар тивийн 24 баг өрсөлдсөн тус тэмцээний шигшээд Сенегал болон талбайн эзэн Марокко Улсын хөлбөмбөгчид тунаж үлдсэн юм.

Тоглолтын үндсэн цагт мароккочууд торгуулийн цохилт хийх эрх авсан нь сенегал тоглогчдыг бухимдуулсан. Шүүгчийн шийдвэрт унтууцсан Сенегалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Пап Тьяв шавь нараа талбайд гарахгүй байхыг тушаасан ч ойролцоогоор 14 минутын дараа багийн ахлагч Садио Манэ тэргүүтэй тоглогчид талбайд буцаж гарсан юм.

Харин энэ тэмцээний турш таван гоол оруулсан Мароккогийн багийн лидер Ибрахим Диаз алтан боломжоо салхинд хийсгэчхэв. Тэрбээр торгуулийн цохилтыг "panenka style"-иар гүйцэтгэснийг хаалгач барьж авснаар хоёр баг үндсэн цагт 0:0-ээр тэнцжээ.

зураг
 

Нэмэлт цагийн 94 дэх минутад Испанийн "Вильярреал"-ын хагас хамгаалагч Пап Гейе эсрэг багийн хаалгыг мялааснаар энэ тоглолтын цор ганц гоолын эзнээр тодорлоо.

Энэ гоолын ачаар сенегалчууд сүүлийн гурван тэмцээний хоёрт нь түрүүлэв. Тэд 2021 онд Египетийн шигшээг торгуулийн цохилтоор буулган авч байсан юм. 

Харин 1976 онд тивдээ түрүүлсэн мароккочууд 50 жилийн дараа уг түүхээ давтах дөхсөн ч хөгжөөн дэмжигчдэдээ баярлуулж чадсангүй.

зураг
 

Тэмцээний мэргэн буучаар таван гоол оруулсан Ибрахим Диаз тодорсон бол шилдэг тоглогчоор Сенегалын шигшээ багийн ахлагч Садио Манэ нэрлэгдэв. Шилдэг хаалгачаар мөн Мароккогийн Яссин Бунуг онцолсон юм.

Сонирхуулахад Нигерийн шигшээ баг хүрлийн төлөө Египетийн шигшээг буулган авсан билээ.

ФОТО

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг