Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 километр, Зуунмод хотоос 10 километрийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихаар төлөвлөжээ.
Транзит зочид буудлыг нийт 3.3 га талбайд барих бөгөөд худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий иж бүрэн төлөвлөлттэй, 25 мянган м.кв талбайд таван давхар барилга барихаар зураг төслийг боловсруулсан байна. Зочид буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай 350 метр урт бүхий хоолойгоор холбож, зорчигчдыг шууд хүлээн авна гэж тооцоолжээ.
Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд давхардсан тоогоор 2,000 гаруй хүн ажиллаж байгаа тул ажиллагсдад зориулсан орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарчээ.
Ташрамд дурдахад “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 онд нийт 45,000 транзит зорчигч хүлээн авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!