Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батмөнх: Маргааш болох сарны бүтэн хиртэлтийн хугацаа 15 минут байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр сарны бүтэн хиртэлт болохыг цаг тооны бичигт тэмдэглэжээ.

Сарны хиртэлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнхөөс товчхон тодрууллаа.

-Юуны өмнө яг ямар үзэгдлийг сар хиртэлт гэж нэрлэдэг талаар танин мэдэхүйн үүднээс товчхон тайлбарлаж өгөхгүй юу?

-Дэлхий дээр нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн конус хэлбэртэй сүүдэр үүсдэг бөгөөд сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.5 дахин их байна.

Тодруулбал, сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэрт орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана. Сарны хиртэлт зөвхөн сар бүтэн тэргэл болох үед л бидэнд ажиглагддаг. Гэхдээ бүтэн тэргэлшил бүхэнд хиртэлт болохгүйг сануулъя.

-Маргаашийн хувьд сар бүтэн хиртэнэ гэж. Сарны бүтэн хиртэлт хэр удаан үргэлжилдэг вэ?

-Сар эсрэг тохиолгод оршиж байхаас гадна дэлхий сарны замын бэлчрээс холгүй байх үед сарны хиртэлт болдог.

Сарны хиртлийг 

  • бүтэн хиртэлт,
  • хагас хиртэлт,
  • хагас сүүдрийн хиртэлт гэж ангилж үздэг.

Тодруулж хэлвэл, сар бүхлээрээ дэлхийн сүүдэр орох үед болж буй хиртлийг сарны бүтэн хиртэлт гэнэ.  Харин дэлхийн сүүдэрт сарны хагас хэсэг нь орох үед болсон хиртлийг сарны хагас хиртэлт гэж нэрлэдэг.

Сарны хагас сүүдрийн хиртлийн тухайд дэлхийн хагас сүүдэр дотор сар оршиж байх үед болж буй хиртлийг хэлдэг юм.

Сарны хиртэлт дэлхийн шөнө болж буй хагас бөмбөрцөгт ажиглагдах бөгөөд харин нутгийн цагаар бол дэлхий дээрх цэг бүрд өөр өөр байна. Энэ нь нутгийн газарзүйн уртрагаас хамаарна.

Сар баруунаас зүүн тийшээ хөдөлдөг учраас дэлхийн сүүдэрт эхлээд сарны зүүн зах орно. Энэ үед Сарны зүүн зах дээр хавирга хэлбэрийн бараан сүүдэр гарч цаашид томорсоор сүүлдээ гэрэлтэй хэсэг нь хавирга хэлбэртэй болно. Сарны зам дээрх дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2.8 дахин их байх ч тохиолдол бий.

Сарны бүтэн хиртэлт бараг хоёр цаг үргэлжилдэг. Сарны бүтэн ба хагас хиртлийн өмнө сар дэлхийн давхар (хагас) сүүдрээр дайран өнгөрөх үед “Давхар сүүдрийн хиртэлт” гэж нэрлэгдэх үзэгдэл болно.  Давхар сүүдрийн хиртлийн дараа жинхэнэ сүүдрийн хиртэл болохгүй ч байх тохиолдол бас бий.

Бүтэн хиртлийн үед ч гэсэн сар огт харагдахгүй болдоггүй, харин бүдэг улбар өнгөтэй харагддаг.

- Маргааш ажиглагдах сарны хиртэлт хоёр цаг үргэлжилнэ гэсэн үг үү. Тэгвэл яг ийм хугацаатай сар хиртэлт хамгийн сүүлд хэзээ болж байв?

-Онолын хувьд, сарны хиртлийн бүтэн фаз бүтэн хиртэлтийн үргэлжлэх хугацаа 108 минут байдаг.

Өмнө нь 1953 оны зургаадугаар сарын 26-нд, 2000 оны долдугаар сарын 16-ны сарны хиртлүүд ийм байсан юм.

Энэ үед сар нь дэлхийн сүүдрийн төвөөр дайран өнгөрөх бөгөөд ийм төрлийн хиртлийг “Төвийн” гэж нэрлэх бөгөөд тэр нь төвийн биш хиртлийг бодвол удаан үргэлжлэхээс гадна хиртлийн бүтэн фазын үеийн тодроц нь бага байдгаараа ялгаатай.

 
Одон орон, геофизикийн хүрээлэн.

2021 оны тавдугаар сарын 26-нд болох хиртэлт төвийн биш бөгөөд түүний замыг дараах зургаас харж болно.

Зүүн Ази, Австрали, Номхон далай болон Америк тивийн баруун хэсгээр ажиглагдана. Бүтэн хиртэлтийн хугацаа 15 минут, нийт үргэлжлэх хугацаа 3 цаг 7 минут байх юм.

 
NASA

-2021 онд сарны хиртэлт хоёр удаа болно гэж ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн одон орон судлалын төв өнгөрсөн онд мэдээлж байсныг санаж байна. Энэ онд тохиох бүтэн сар хиртэлт хэзээ болох вэ?

-Дараагийн сарны хиртэлт 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд болох бөгөөд тэр үед сар хагас хиртэнэ.

-Монголын цагаар сарны хиртэлт яг хэдэн цагт эхэлж, хэдэн цагт дуусах вэ. Мөн аль аймгийн нутгаар сайн харагдах вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрт сарны хиртэлт ажиглагдахдаа, сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 21:51:02 цагт дуусна.

Сарны хиртэлт хэзээ, ямар хугацаагаар ажиглагдахыг Улаанбаатар хот, Дорнод, Ховд аймгуудын байрлалаар тооцоолон харууллаа. 

Бүгд Улаанбаатарын цагаар өгөгдсөн болно.

2021 оны 5 дугаар сарын 26-ны Сарны бүтэн хиртэлт

Улаанбаатар хот:  E106°49'12.0", N47°38'49.0", h=1367m

Үзэгдэл

h   m

Сарны өндөр (°)

Азимут (°)

Сар ургах

20:34

-

122.3

Хагас хиртэл дуусах

20:52:7

1.6

125.7

Хагас сүүдрээс гарах

21:51:2

8.6

136.8

Хагас сүүдэрт үргэлжлэх: 1h 17.2m,   Сүүдэрт үргэлжлэх: 0h 18.7m

 

Дорнод аймаг:  E114°38'47.0", N48°08'06.0", h=748m

Үзэгдэл

h   m

Сарны өндөр (°)

Азимут (°)

Сар ургах

20:03

-

122.5

Хагас хиртэл дуусах

20:52:7

5.4

131.8

Хагас сүүдрээс гарах

21:51:2

11.6

143.5

Хагас сүүдэрт үргэлжлэх1h 48.4m,   Сүүдэрт үргэлжлэх: 0h 50.0m

 

Ховд аймаг:  E 91°37'39.0", N47°57'16.0", h=1493m

Үзэгдэл

h   m

Сарны өндөр (°)

Азимут (°)

Сар ургах

21:40

-

122.8

Хагас сүүдрээс гарах

21:51:2

0.7

124.9

Хагас сүүдэрт үргэлжлэх: 0h 11.5m