Засгийн газрын 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Гаалийн шинэчлэл”-ийн ажлын хүрээнд олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн зориулалтын барилгыг ашиглалтад оруулж, шинэчилсэн байна.
Иймд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болон улсын хилээр нэвтрүүлж байгаа бараанд тавих гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор олон улсын стандартын шаардлагад нийцсэн, лабораторийн зориулалттай барилгыг барих, орчин үеийн өндөр бүтээмжит шинжилгээний тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.
Зураг 1. Гаалийн төв лаборатори
Гаалийн төв лабораторийн барилгыг ашиглалтад оруулснаар шинжилгээг явуулах стандарт орчин бүрдэж, шинжилгээний үр дүнг үнэн зөв тодорхойлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах боломж бүрдсэн.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын гаралтай ширхэгт материалын шинжилгээний чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байгаа аж. Тодруулбал, АНУ, Герман, Англи, Япон, Швейцар, Итали, Австри, БНХАУ зэрэг оронд үйлдвэрлэгдсэн, олон улсад танигдсан Agilent, Thermo scientific, Tanaka, Koehler, Anton Paar, CKIC, Mesdan, Leco, Borgwaldt, Bruker зэрэг брэндийн орчин үеийн өнөр бүтээмжит, автомат, дэвшилтэт технологид суурилсан 19.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8 шинжилгээний чиглэлийн нийт 164 шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм байна. Үүнээс 74 тоног төхөөрөмжийг гаалийн төв лабораторид, 90 тоног төхөөрөмжийг гаалийн салбар лабораториудад нийлүүлж суурилуулан, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа талаа Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнээс гадна Орхон аймаг, Сайншанд, Оюутолгой дахь гаалийн салбар, Баян-Өлгий гаалийн газрын Цагааннуур дахь боомт, Дорнод гаалийн газрын Баянхошуу боомтууд дээр салбар лабораторийг байгуулж, шинжилгээний 90 тоног төхөөрөмжийг нийлүүлэн, суурилуулж байна.
Эрдсийн шинжилгээний тоног төхөөрөмж
Уул уурхай, эрдэс бүтээгдэхүүн шинжлэх 16 тоног төхөөрөмжийг гаалийн төв лабораторид суурилуулан, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр гаалийн төв лаборатори нь уул уурхайн экспортын хүдэр баяжмалын үндсэн болон дагалдах элементүүдийн иж бүрэн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэх ба энэ нь АМНАТ-ийг тухай бүр үнэн зөв тогтоож, барагдуулах ач холбогдолтой.
Нүүрсний шинжилгээний тоног төхөөрөмж
Нүүрсний шинжилгээний зориулалттай 26 тоног төхөөрөмжийг гаалийн төв лабораторид суурилуулан, ашиглалтад оруулснаар экспортын нүүрсний чанарын иж бүрэн шинжилгээ, хорт агууламжийг тодорхойлох боломж бүрдэж байна. Энэ нь экспортын барааны статистик мэдээ тайланг үнэн зөв гаргахад ач холбогдолтой.
Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний тоног төхөөрөмж
Газрын тосны бүтээгдэхүүнийг шинжлэх зориулалттай 16 тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулснаар импортоор оруулж буй нефтийн бүтээгдэхүүний чанар, найрлага агууламжийг тодорхойлж, хуурамч бүтээгдэхүүн импортлоход хяналт тавихаас гадна онцгой албан татварыг үнэн зөв ногдуулах боломж бүрдэнэ.
Энэ хүрээнд авто бензиний октан тооны шинжилгээний үр дүнгийн талаарх маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор моторын болон шинжилгээний аргаар октан тоо тодорхойлох бүрэн автомат, суурин тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулж байна.
Химийн болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээний тоног төхөөрөмж
Согтууруулах ундаа болон тамхины шинжилгээний тоног төхөөрөмж
Согтууруулах ундаа болон тамхи, тамхин бүтээгдэхүүн шинжлэх зориулалттай 8 төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулснаар онцгой албан татвартай дээрх бүтээгдэхүүнүүдийн шинжилгээнд зарцуулах хугацааг 2 дахин бууруулж, шинжилгээний үзүүлэлтүүдийн нэр төрлийг нэмэгдүүлж, гадаад худалдааг хөнгөвчилж байна.
Ноос ноолуурын шинжилгээний тоног төхөөрөмж
Ноос ноолуур малын гаралтай ширхэгт материал шинжлэх зориулалттай 6 төхөөрөмжийг Итали, Австри зэрэг орнуудаас нийлүүлж, суурилуулснаар экспорт, импортын ноос ноолуур, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг чанар, боловсруулалтын түвшнийг нарийвчлан тогтоох, шинжилгээ хийх орчныг бүрдүүлсэн.
Оюутолгой гаалийн салбар лаборатори
Шинжилгээний чиглэл: Зэсийн баяжмал
Орхон гаалийн газрын салбар лаборатори
Шинжилгээний чиглэл: Зэсийн баяжмал, нефть, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис, бэлдмэл
Баян-Өлгийн гаалийн газрын Цагааннуур боомт дахь салбар лаборатори
Шинжилгээний чиглэл: Ноос, ноолуур, ширхэгт материал, нефть, нефтийн бүтээгдэхүүн
Дорнод гаалийн газрын Баянхошуу боомт дахь салбар лаборатори
Шинжилгээний чиглэл: Химийн бодис, бэлдмэл, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!